Газар Дундын тэнгисийн түвшин 60 орчим см-ээр нэмэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-21 15:20:19

РОМ. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Газар Дундын тэнгисийн усны түвшин 2050 он гэхэд дунджаар 20 см-ээр, 2100 он гэхэд 57 см-ээр нэмэгдэж магадгүй тухай Италийн Геологийн физик болон галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаанд дурджээ.


Судалгаанаас үзвэл, XXI зууны эцэс гэхэд Венецийн булангийн усны түвшин одоогийн үзүүлэлтээс 82 см-ээр нэмэгдэж магадгүй байна.


Эрдэмтэд дээрх үзүүлэлтүүдийг тооцоолон гаргахдаа Газар Дундын тэнгис дэх усны урсгал ашиглан эрчим хүч гаргадаг есөн цахилгаан станцын далайн түвшний хэлбэлзлийн талаарх мэдээллүүд болон сүүлийн 20 жилийн хугацаанд хиймэл дагуулаас хийсэн геодезийн хэмжилтүүдийг ашиглажээ. Урьдчилан таамаглалд хөрсний суултын талаарх мэдээлэл онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж эрдэмтдийн судалгаанд дурдсан байна.


Дэлхийн далай тэнгисийн түвшин өмнө нь таамаглаж байснаас илүү хурдацтай нэмэгдэж байгааг Холландын эрдэмтэд 2018 оны есдүгээр сард тогтоожээ. Хэрэв дэлхийн дундаж температур Цельсийн 2 хэмээр нэмэгдвэл энэ зууны эцэс гэхэд  далайн түвшин хоёр метрээр нэмэгдэж болзошгүй ажээ.


Холбоотой мэдээ