Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг улсын комисс хүлээн авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-08-27 13:56:39

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулж улсын комисс хүлээн авлаа.

Тус замыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын "XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP" ХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, энэ сард дуусгажээ. Уг бүтээн байгуулалтад "WXР", "Daimond road", "Энх төгөл бэх" зэрэг дотоодын гурван аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажилд орон нутгийн иргэдийг оролцуулсан байна. Нийт 550 орчим ажилтан, 100 гаруй техник хэрэгслийн хүчээр замыг ийнхүү хугацаанд нь ашиглалтад оруулжээ. 

Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастайгаас Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Өнөөдрийн байдлаар 67 км автозамын суурийн ажлыг хийж буй юм. Ийнхүү 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Увс, Завхан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож буй юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ