“Дайчин нөхөрлөлийн замаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 80 жилийн ой, ДХИС-ийн 85 жилийн ойг угтан тус их сургуулийн “Соёмбо” спорт хороо, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороотой хамтран“Дайчин нөхөрлөлийн замаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтийг зохион байгуулж байна.
Өртөөчилсөн
гүйлтийн тамирчид гараагаа Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Монгол төрийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит Хилийн 0275 дугаар
ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагт эхлүүлжээ.
Өртөөчилсөн гүйлтийн багийн ахлагчаар ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал, Хилийн 0345 дугаар тусгай ангийн штабын дарга, хурандаа Б.Лувсанравдан, дасгалжуулагч багшаар “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ж.Даваасүрэн, тамирчдаар ДХИС-ийн тамирчин Монгол Улсын спортын мастер Ц.Цэрэндагва, дэд мастер Г.Гүррагчаа, Хилийн 151 дүгээр ангийн тамирчин хөнгөн атлетикийн нэгдүгээр зэрэгтэй Ц.Энхболд, Хилийн 275 дугаар ангийн тамирчин хөнгөн атлетикийн III зэрэгтэй Б.Мөнхдорж нар гүйж байгаа юм. Түүхэнд “Дайчин нөхөрлөлийн зам буюу Алтан жим” нэртэйгээр алдаршсан Хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас эхэлсэн гүйлтийн тамирчид Дорнод аймгийн Халх гол сум хүртэл 619 километр замыг туулна.
Энэ зам нь тухайн үед ЗХУ-ын
Зэвсэгт хүчний анги, салбарууд Ульханы боомтоор Монгол Улсад орж ирэн Халх гол
хүртэл марш үйлдэж байсан маршрут юм байна.