Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-10 10:51:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид даваа гарагт /2019.09.10/ гурван алтан медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхдагч алтан медалийн эзэн болов. Уг дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.


Эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан /хоёулаа 75-аас дээш нас/ алтан медалийн эзэд болжээ. Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад тамирчин оролцож байна.

Холбоотой мэдээ