Хошой баатар, нисгэгч С.И.Грицевецийн хөшөөг босголоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-09-10 16:06:33

Дорнод /МОНЦАМЭ/ ЗХУ-ын анхны хошой баатар, нисгэгч, Халхын голын дайнд оролцсон С.И.Грицевецийн хөшөөг түүний нэрэмжит Хэрлэн сумын 2-р сургуулийн урд босголоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын ЭСЯ болон Чойбалсан хотын дэмжлэгээр уг хөшөөг босгон өнөөдөр нээлтээ хийсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав В.Чепурной, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, С.И.Грицевецийн зээ хүү С.В.Архангельский нар оролцсон юм. Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нээлтийн үеэр “Сүүлийн жилүүдэд эх оронч хүмүүжил мартагдаж байгаа гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Тиймээс энэ цаг үед цэрэг, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, дайны үед ямар байсныг, эх орныхоо төлөө хэдэн баатар эр амь биеэ хайрлахгүй зүтгэж байсныг энэ мэт олон үйл явдлаар бид мэдрүүлэх учиртай. Энэ сургуулийн хүүхдүүд өглөө бүр хичээлдээ ирэхдээ энэ хөшөөг харж эх оронч үзлээр хүмүүжсээр байх болов уу гэж найдаж байна.” гэсэн юм. Харин С.И.Грицевецийн зээ хүү С.В.Архангельский энэ үеэр “Би анх удаагаа Монголд ирж байна. Миний өвөөгийн баатарлаг гавьяаг монголчууд одоог хүртэл мартаагүй, бахархаж явдгийг хараад тун их баяртай байна” гэжээ. 

Сонирхуулахад, Хэрлэн сумын 2 дугаар сургуулийг тус аймгийн ИТХ-ын тогтоолоор 2014 онд С.И.Грицевецийн нэрэмжит болгож байсан юм. Энэ онд ЗХУ-ын анхны хошой баатар С.И.Грицевецийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа аж. Тэрээр Халхын голын дайнд баатарлагаар оролцон 30 гаруйхан насандаа амь үрэгджээ. 

 

Холбоотой мэдээ