Б.Ууганбаяр: Болзошгүй аюулаас сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг үнэлж, шийдэл гаргахад сургалтын зорилго оршсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-16 17:00:25

Дорноговь /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль энэ жил Дорноговь аймагт болж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.


-“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж байгаа. Дорноговь аймагт зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт дэд бүтэц, уул уурхай, үйлдвэржилтийн салбар хурдацтай хөгжиж байна. Гамшиг судлалын шинжлэх ухааны хувьд хөгжил, гамшиг хоёр хоорондоо уялдаатай байдаг.

Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташегийн алба, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт 09 дүгээр сарын 09-нөөс 21-нийг хүртэл зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл бүсчилсэн хэлбэрт шилжсэн.

Үүнтэй уялдуулан бүс нутгийн түвшинд тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг шуурхай авах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшиг, ослын үед харилцан ажиллагаагаа сайжруулах зорилгоор орон нутагт “Говийн чоно” олон улсын сургуулийг зохион байгуулж байгаа.

Сургалт дадлага Өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөлөл, бие бүрэлдэхүүнийг оролцуулж байна.

Зөвхөн Онцгой байдлын байгууллага төдийгүй орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, томилгоот бие бүрэлдэхүүний чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Чадавх олон зүйлээс шалтгаална. Юун түрүүнд хүний нөөцийн чадавх Монгол Улсын нэн тэргүүний зорилт байх ёстой. Тийм учраас энэ талын сургалтад түлхүү анхаарч “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийг сонгосон. Сэдэвтэй уялдуулан агуулгын хувьд танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болно.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад сургалтын цар хүрээ нэмэгдсэн үү?

-Жилээс жилд сургуулийн үйл ажиллагаа өргөжиж байгаа. Дээр дурдсан дөрвөн чиглэлийн сургалт тус бүр онцлогтой. Тухайлбал аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын ижил төрлийн туршлага солилцох сургалт гэхэд төрөл, мэргэжлээсээ хамаараад долоо хоногийн хугацаатай болсон.

Дараагийн үе шатанд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн болоод гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хамруулан команд штабын сургуулийг зохион байгуулна.

Гуравдах шатны сургалт нь Монгол, Америкийн аврагчдын хамтарсан дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургууль. “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн хүрээнд хоёр томоохон сургалт нэмэгдсэн.

Нэг нь ослын удирдлагын систем. Нөгөө нь академик буюу хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулах онолын сургалт. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

-Монгол, Америкийн аврагчдын хамтран зохион байгуулах дадлага сургууль анхаарал татаж байна?

-Жил бүрийн “Говийн чоно” олон улсын сургалтаар Монгол, Америкийн аврагчид хамтарсан дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийдэг.

Хамтарсан дадлага сургууль хаана болж байгаагаас хамаарч төрөл, хэлбэр нь өөр байдаг. Энэ жил орон нутгийн онцлогоос хамаарч таван төрлийн дууриалган үзүүлэх дадлагыг хийхээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, анхны болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээ гэсэн дадлага, сургуулийг зохион байгуулна.

Мөн орон нутгийн удирдлагын санаачилгаар Сайншанд сумын иргэд аюулгүй цэгт нүүн шилжих дадлага хийнэ. Ингээд тооцоход зургаан төрлийн тактикийн түвшний дадлага болох юм.

-Дадлага сургуульд хэчнээн улс орны төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцаж байгаа вэ?

-“Говийн чоно” сургалт гамшгаас хамгаалах менежментийн хүрээнд гүйцэтгэж байгаа Монгол Улсын брэнд гэж хэлж болох олон улсын түвшний сургалт.

Тиймээс жил бүр оролцогч орны тоо, төлөөлөл нэмэгдэж байна. Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Непал, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл оролцож буй.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Авто тээврийн үндэсний төвөөс төлөөлөл оролцож байна.

Үүнээс гадна Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 460 гаруй төлөөлөл оролцож байна.

-Энэ жилийн сургалтын үр дүнг тодорхойлбол?

-Сургалт зохион байгуулах нэг хэрэг. Хамгийн гол нь үр дүн чухал. Энэ жилийн хувьд нэгдүгээрт аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн, хоёдугаарт орон нутгийн удирдлага гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг бие дааж зохион байгуулах чадвар эзэмшиж байна.

Гуравдугаарт байгууллага хоорондын ажлын уялдаа нягтарсан, дөрөвдүгээрт олон улсын туршлага судалсан, тавдугаарт хуримтлуулсан мэдлэг, туршлагыг ажилдаа нэвтрүүлсэн, зургадугаарт орон нутгийн гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдал ахисан байх үр дүнг хүлээж байгаа.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болзошгүй гамшиг ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тооцож, зөв хуваарилах зэргээр улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц сургалт болж буйгаараа онцлог.

-Ярилцлагын төгсгөлд яагаад “Говийн чоно” гэж нэрлэх болсон талаар сонирхмоор санагдлаа?

-Анх 2009 онд АНУ-ын Ази, Номхон далайн Хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төвийн багш нар гамшгийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулах санал тавьсан.

Саналыг хүлээн авч, олон улсын түвшний сургалт, дадлагыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, оноосон нэр өгөхөөр хоёр талаасаа хуралдсан.

Ярилцаж байгаад говь нутгийн байгалийн үзэсгэлэнг харгалзаж “Говь” гэдэг үгийг сонгосон. Чоно бол бидний хувьд аз хийморийн бэлгэдэл, мөн амьдрахын төлөө зүтгэдэг амьтан.

Харин Онцгой байдлын байгууллага бол гамшиг, ослоос ард, иргэдийн амь насыг авран хамгаалахын төлөө зүтгэдэг онцлог ажилтай тул тэмцэх гэдэг утгыг чоноор төлөөлөн нэрлэсэн учиртай.

-Баярлалаа танд. Сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье!

-Олон улсын түвшний сургалтын ач холбогдлыг ойлгож, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Мөн хамтран ажиллаж байгаа АНУ-ын Энэтхэг, Номхон далайн сурагч багш, хамт олонд талархаж буйгаа энэ ташрамд хүргэе.

Холбоотой мэдээ