Нүхэн гарц барих ажил удааширалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-24 13:36:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан захын өмнөх зам буюу олон улсын А зэрэглэлийн автозамыг хааж нүхэн гарц барих ажлыг энэ сарын 8-ны өдөр эхлүүлсэн. Гэвч Дархан сумын 5, 7, 8 дугаар багийн нутаг дэвсэрийг аюулгүй гарцаар холбох энэхүү ажил нь хэд удааширалтай төлөвлөсөн хугацаанаас хоцорч явааг албаны төлөөлөл мэдээлэв.

Энэ зам нь авто машины хөдөлгөөний эрчим, явган зорчигчийн урсгал их байдаг. Үүнээс үүдэн зам тээврийн осол гарах улмаар хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлт нөхцөлтэй тул нүхэн гарц барих шийдвэр гаргасан аж.

14 хоногийн өмнө эхэлсэн тус ажлыг “Туулын гүүр далай” ХХК гүйцэтгэж байгаа юм. Гэрээ ёсоор 9 дүгээр сарын 8-16-ны хооронд буюу 8 хоног л авто замыг хаах тухай заасан боловч одоогийн байдлаар газар доорх ажил бүрэн дуусаагүй байна. 28 метрийн урттай, 4м өргөн 2,7 метр өндөр хоёр талдаа тус бүр 10 метр урт шаттай тус нүхэн гарц нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж эхэлсэн.

Энэхүү ажил анх бетон бүтцийг бэлэн материалаар хийх байсан, гэвч нүхэн гарцын барилга угсралтын явцад зарим хийцлэлийг газар дээр нь бетон цутгалтаар хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ нь нүхэн гарцыг барих ажлын явцыг удаашруулах гол шалтгаан болж байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдэгдлээ.

Иймд холбогдох удирдлагууд авто замын зорчих хэсгийн барилга байгууламжийн ажлыг чанарын болон технологийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанид өгч 25 хоногийн дараа авто замын зорчих хэсгийг эхний ээлжид нээх шийдвэрийг гаргасан байна.

Мөн авто зам хаагдсантай холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын чиглэлийг шинэчлэн тогтоохоор боллоо.

 

Холбоотой мэдээ