Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-09-26 12:19:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс "Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүн улс болон Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Казахстан, Беларусь, Азербайжан, Тажикистан, Армени, Афганистан зэрэг 12 улсын Гадаад хэргийн сайд нар тус хэлэлцүүлэгт оролцон, терроризмтой тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох арга замын талаар байр сууриа илэрхийлж, үг хэлжээ.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтууд, нэн ялангуяа терроризм, экстремизм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна.


Тэрбээр Монгол Улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн, ОХУ, Киргиз Улстай терроризмтой тэмцэх тухай хэлэлцээр байгуулсан талаар мэдээлжээ. Түүнчлэн терроризмтой тэмцэхэд улс орнуудын чадавхийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, түүний дотор хар тамхи, зэвсэг, хүний наймаатай терроризм нь улам холбоотой болж буйд анхаарал хандуулах, хүүхэд залуучуудын оролцоог сайжруулах нь чухлыг онцолжээ.

Холбоотой мэдээ