Инфляцийн түвшинг ирэх онд 8 хувьд тогтворжуулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-26 14:02:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.


Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого баримтлан ажилласан байна. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэх санхүүжилт өсөж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг болсон байна. Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн 2 жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого, татварын орлого сайжирсан, ажилгүйдлийн түвшин буурсан үр дүн гарчээ.


Монголбанк инфляцийг ирэх онд 8 хувь орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх аж. Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахын тулд нэн тэргүүнд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэх зорилт тавьсан байна. Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.

Холбоотой мэдээ