НҮБ-ын уулзалтад Венесуэлийн төлөөлөгчдийн хоёр баг иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /NDTV/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн бараг бүх улс орон дипломат төлөөлөгчдөө илгээсэн
бол Венесуэл улсаас төлөөлөгчдийн хоёр баг ирсэн байна.
Уг чуулганд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон сөрөг хүчний
удирдагч хийгээд түр Ерөнхийлөгч хэмээн 50 гаруй орноор хүлээн зөвшөөрөгдсөн
Хуан Гуайдо нарын хэн хэн нь ирээгүй боловч тэдний төлөөлөгчдийн баг хүрэлцэн
иржээ.
ОХУ, БНХАУ-ын дэмждэг, Н.Мадурогийн Засгийн газар нь НҮБ-д суудалтай бөгөөд
дэд Ерөнхийлөгч Делси Родригес болон Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза нар Венесуэлийн
албан ёсны төлөөлөгчдийг ахлан ирсэн байна.
Түүнчлэн Х.Гуайдогийн төлөөлөгчид ч мөн НҮБ-ын уулзалтад ирсэн бөгөөд
тэдний дунд Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Хулио Борхес тэргүүтэй төлөөлөгчид багтаж
байжээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Латин Америкийн 20 гаруй
орны төлөөлөгчидтэй уулзжээ.
Сөрөг хүчний төлөөлөгчид Н.Мадурог албан тушаалаас нь түлхэн унагаахад
чиглэсэн хориг арга хэмжээ зэрэг түүний эсрэг шахалтыг улам нэмэгдүүлэхийг
эрмэлзэж байгаа аж. “Х.Гуайдогийн төлөөлөгчид НҮБ-ын эргэн тойронд сүнс шиг л
эргэлдэж байна. Хэн ч тэднийг уриагүй” гэж Х.Арреаза сэтгүүлчдэд мэдээлсэн
байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Д.Родригесийг Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэх үеэр хэд хэдэн орны
төлөөлөгчид танхимыг орхин гарчээ.