Модлог ургамлын “Ногоон төгөл” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-01 11:10:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй "Ногоон паспорт - Ногоон төгөл" аяны хүрээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг байгуулах ажлыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт эхлүүлээд буй.
Энэ хүрээнд Баянхонгор аймагт 3.5 га талбайд 500 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бэлтгэл ажил өрнөж байна. Баянхонгор аймгийн Хот тохижилтын газар 500 модны нүх ухах, хайс хамгаалалт хийх, шонгийн нүх ухах зэрэг олон ажлыг Политехник коллеж, Эрдэнэмандал, Номгон, Эрдэм ахлах сургуулийн сурагчидтай хамтран хийж гүйцэтгэжээ.
“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгуулж буйгаараа онцлог юм байна.
Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой аж.
Холбоотой мэдээ