Дорноговийн соёлын өдрүүд энэ сарын 12-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-03 15:43:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Соёл, урлагийн өдөр энэ аравдугаар сарын 12-нд Д.Сүхбаатарын талбайд мянган хүүхдийн бүжгээр эхэлж гурван өдөр үзэсгэлэн, концерт, бүжгийн томоохон хөтөлбөрүүдээр үргэлжилнэ. Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийнхүү мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, "Болор" цомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Ардын уран зохиолч Б.Догмид, Ардын жүжигчин Д.Ухнаа, МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцож Дорноговийн  “Дорнын аялгуу”-нд нийслэлийн иргэдийг саатан тухлахыг урилаа.

Монгол бүжгийн их мастер, зууны бүжиг дэглээч Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит  “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар их  наадам болохыг түүний хүү Төрийн шагналт С.Сүхбаатар онцлов. Дорноговийн соёлын өдрүүдээр нийслэлийн СТӨ-нд “Хувилгааны нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт,  “Blue moon” галерейд Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн нэрэмжит музейн үзэсгэлэн, УДЭТ-т У.Шекспирийн “Лир ван” драмын жүжгийг тус тус тоглоно. 

“Дорнын өнгө” үзэсгэлэнд  Чингис хааны цагаан тугийг залж говь нутгийн эртний  шилдэг үзмэрийн дээжис сонирхуулна. Дээрх тоглолт бүрийн үеэр Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Д.Данзанравжаагийн яруу найраг, дуу жүжгийн зохиолууд, Дорноговь аймгийн зохиолч, яруу найрагчдын 300 гаруй ном, нутгийн 20 гаруй урчуудын бүтээлийг дэлгэн үзүүлэх юм байна. 

Холбоотой мэдээ