ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 08:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай,  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон БНСВУ-ын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


1. Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга


Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсон. Үүнээс хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн, соёрхон баталсан байна. Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.


НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос “Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжийг манай улсад удаа дараа өгчээ. Мөн манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмж өгсөөр байна. Үүнээс гадна ХЗДХЯ-наас Ажлын баг байгуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийжээ. Тухайлбал, бусад хууль тогтоомжтой уялдаа холбоо муутай, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, иргэдийн гомдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, гомдол шийдвэрлэх ажиллагааг бүрэн хуульчлаагүй, жил бүр хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэх, санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.


Олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, дүгнэлт, хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуула юм. Мөн үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хангалттай төсөв батлах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчсөн эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардах төсвийн төслийг боловсруулж, батлуулах явцыг тодорхой болгох, эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, Комиссын 3 гишүүнээс гадна, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгж байгуулахаар тусгажээ.


2. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл


Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг 1993 онд баталснаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад өөрчлөлт оруулж байжээ. 2018 оны байдлаар Монгол Улсын 175 мянга 687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байна. Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээлэл тодорхойгүй байдаг аж.


Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон ТББ-ууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн гадаадад оршин суугаа иргэдийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх тодорхой бодлого, зохицуулалтын суурь зарчмыг бий болгох шаардлагатай зэрэг үндэслэл, шаардлагын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.


3. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл


Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явах боломж бүрдэх юм байна.


Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.


4. “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл  


Уг гэрээнд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, шилжүүлэн авах тал хянах, шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтныг эх оронд нь шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд тусгагджээ. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч, Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж, тус гэрээний төслийг үзэглэсэн байна. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-нд Ханой хотноо ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гэрээнд гарын үсэг зурсан юм.


“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээг соёрхон баталснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн гадаад улсад ял эдэлж байгаа манай иргэд эх орондоо шилжин ирж төрөлх хэл, соёл нэгт гэр бүл, найз нөхдөдөө ойр орчинд, сэтгэл зүйн хувьд эерэг нөхцөлд ял эдлэх нь тэдний засрал хүмүүжил, цаашлаад нийгэмшихэд эерэг үр дагавартайгаас гадна тэдний ар гэрийнхний хувьд сэтгэл санаа, эд материалын хувьд ихээхэн дэмжлэг болно гэж үзжээ.


2019 оны 01 дүгээр сарын байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 2 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол тус улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй талаар төслийн танилцуулгад дурджээ. Харин Монгол Улсын 71 иргэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад оршин сууж байгаа юм..

Холбоотой мэдээ