Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг угсарч эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-10 12:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл барьж буй 414.6 км төмөр замын ажлын явцтай танилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав.


Төмөр замын Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж ажиллаж байна. Мөн бусад хэсэгт Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерууд ажиллаж байгаа юм. Хувийн аж ахуйн нэгжүүд улирал харгалзахгүй ажиллах бөгөөд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх санал хэлж байв. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл сайтай, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэх үүрэг, даалгавар өглөө.


Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр барих зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Түүнчлэн Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэн, төмөр зам тавих үе угсрах баазыг байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаянгаас эхлэн төмөр замын рейльс (зам төмөр) угсарч эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.

Холбоотой мэдээ