ОУПХ-ноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг танилцууллаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-10 16:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ОУПХ-ноос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав.


ОУПХ-ны ажлын баг энэ оны зургаадугаар сарын 5-7-нд Монгол Улсад ажиллаж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалсан юм.


Дүгнэлт зөвлөмжид:


1. Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, 3 ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна гэж үзсэн.


2. Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.


3. Тагнуул 3 ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.


4. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.


5. Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.


6. С.Зоригийн гэр бүл, өмгөөлөгчид, Түр хороонд 3 шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.


7. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголыг эрх баригчдад уриалсан байна.


8. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзсэн байна.


9. Энэ сарын 13-17-нд Белград хотод ОУПХ-ны 141 дүргээр чуулганд Түр хорооноос ирүүлэх тайланг хэлэлцэнэ. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны зургаадугаар сарын 5-7-нд ажилласан тайланг УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст есдүгээр сарын 6-нд ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу энэ сарын 4-нд  Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариу өгөх хугацаа хэтэрсэн ноцтой алдаа гарсанд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна хэмээсэн байна. Мөн Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ