Хордлогын нөхцөл байдалтай холбогдуулан талууд уулзаж зөвлөлдлөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-28 20:45:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг "Мах март" компанийн ажилчид энэ сарын 25-ны өдөр ажлын байран дээрээсээ хордлогын шинжтэйгээр Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус компанийн ажилчид болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг тал талын төлөөлөлтэй уулзлаа. 



Эрчимт эмчилгээний тасагт хоёр, Дотрын тасагт гурван хүн эмчлүүлж байна

Тухайн өдөр /2019.10.25/ өглөөний 08:45 минутад үйлдвэрийн байрны Хувцас солих өрөөнд ороод гарсан 2-3 хүн ухаан алдсан гэх дуудлага мэдээлэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн байна. Дуудлагын дагуу очиход найман эмэгтэй толгой эргэсэн, дотор муухай оргиж, бөөлжсөн гэх зовиуртай байсныг ЯТТ-т хэвтүүлэн холимог хордлого гэсэн оноштойгоор хордлого тайлах эмчилгээ хийжээ. Улмаар үйлдвэрийн байранд байсан бусад ажилчдаас ч хордлогын шинж илэрч байна гэх мэдээллээр тухайн байгууллагад ажиллаж байсан бусад ажилчдыг Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-т хүргэн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Үзлэгт нийт 41 ажилтныг хамруулснаас 20 хүнийг биеийн байдал хэвийн байсан учир ажиглалтанд гаргаж, 21 хүнээс хоёр нь Эрчимт эмчилгээний тасагт, 19 хүн Яаралтай тусламжийн тасагт хордлогын эмчилгээ хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хоёр, Дотрын тасагт гурван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бусад хүмүүсийн тухайд лабораторийн болон эмнэлзүйн ажиглалтын үе буюу хяналтад байгаа бөгөөд зарим нь толгой өвдөх, ухаан алдсан гэх байдалтайгаар эмнэлэгт эргэн хандаж байгааг албаныхан хэлсэн. Тус уулзалтад оролцсон ажилчдаас О.Баярмаа “Хувцас солих өрөөнөөс ажлын хувцсаа аваад гарах хооронд дотор муухай оргиж, толгой эргэн дайвалзсан. Одоо үе үе зүрх оволзоод, чих дүлийрсэн байдалтай байгаа” гэсэн бол н.Оюунтогтох “Толгой өвдөх зовиур арилахгүй байгаа, ой санамж муу болсон. Хоолонд дургүй, бие сульдаа байдалтай байгаа”-гаа хэлж байв. Мөн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа А.Цэвээндүгэрийн эхнэр хэлэхдээ, “Нөхөр маань хоол унд идэхгүй, ярьсан зүйл гүйцэд ойлгохгүй, ухаан санаа нь орж гараад байдаг болсон. Биеийн байдал сайн дээрдэхгүй байгаа” гэлээ.

Мэргэжлийн байгууллагын шийдвэрээр нийт ажилчдын цусны шинжилгээг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж, хордсон байдлыг тодорхойлуулахаар болсон бөгөөд тус шинжилгээг маргааш Улаанбаатар хотод хийх юм байна.


Орчны агаараас хлор, аммиак илрээгүй

Мөн өдөр нь Мэргэжлийн байгууллагууд болох Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Прокурор, Тагнуул, Цагдаагийн газар зэрэг байгууллага тухайн обьектыг битүүмжлэн орчны агаар, махны дээжээс шинжилгээ авчээ. Орон нутгийн түвшинд тодорхойлж болох, багаж төхөөрөмжийн чадлын хүрээнд аммиак, хлорын шинжилгээ хийхэд тухайн бодисууд илрээгүй аж. 10 дугаар сарын 25-ны өглөө ажилчид эмнэлэгт хүргэгдсэнээс хойш их үд хүртэл тухайн үйлдвэрийн байрны агааржуулалт ажиллаж, цонхнууд нээлттэй байсан тул хорт бодис саармагжсан байх магадлалтай гэж үзэн, цонх халхавчийг хаалттай байлгаад дөрвөн цагийн дараа дахин дээж авч шинжлэхэд дээрх төрлийн бодисууд илрээгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд бусад төрлийн нарийн шинжилгээ хийж, хорт бодис тодорхойлдог байгууллагуудтай холбоо тогтоож байгаа гэлээ. Хөргүүрийн үндэсний төвд преоны шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд мэргэжлийн баг маргааш Баянхонгорт ажиллах аж.


Б.Ууганбаяр: Өргөтгөлийн барилгадаа туршилтын журмаар үйл ажиллагаа явуулж байсан

“Мах март” компанийн хувьд Баянхонгор аймагт 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ онд өргөтгөлийн барилга барьж, 10 дугаар сараас тус барилгадаа ажлаа эхлүүлж байгаад ийн асуудалд “өртжээ”. Тус компанийн захирал Б.Ууганбаяр хэлэхдээ, “Гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллага 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд энэ жил өргөтгөл хийгээд, тоног төхөөрөмжөө угсарч ажлын байр зарлаад ажиллах нөөцөө бүрдүүлэн жигдрэх байдалтай байхдаа ийм асуудалтай тулгарлаа. Энэ жилийн хувьд Мах импекс компанитай 200 тонн мах нийлүүлэх гэрээ, Хятад улс руу адууны мах экспортлох квот хөөцөлдөж байгаа, Иран руу гүн хөлдөөсөн махыг ангилж экспортлохоор гэрээнүүд хийгээд явж байгаа. Томоохон ажлууд ийнхүү өрнөх учир үйлдвэрийг өргөтгөж, барилгын ажлыг эскиз зургийн дагуу барьж, зургаа батлуулахаар Барилгын хөгжлийн төвд илгээчихсэн хүлээж байгаа. Туршилтын журмаар ажиллаж байсан” гэдгээ тайлбарлав.


Үйлдвэр өргөтгөл засварын ажилтай байсан учир шалгалтыг хойшлуулаад байжээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрсдэлийн үнэлгээ хийхээр эрэмбэлэгдсэн обьектуудад жил бүр хяналт шалгалтыг хийдэг байна. Энэ онд тухайн байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар тусгагдсан байсан ч үйл ажиллагаа явуулаагүй, өргөтгөл засварын ажилтай байсан учир шалгалт хойшлогдоод байжээ. Туршилтын хугацаанд дээрх асуудал үүссэнтэй холбогдуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн эсэхийг хянаж судлах шаардлагатай. Тухайн үйлдвэр хүнд үйлдвэрт хамаарагдах учир тогтмол ажиллах хүмүүсээ Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх таван төрлийн шинжилгээнд хамруулсан байх ёстой, энэ шаардлагыг хангаагүй. Мөн суурь өвчтэй хүмүүсийг бий эсэх судалгаа шинжилгээ байхгүй ажлаа явуулсан” гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж хэлж байв. Мөн тэрээр хөргөх төхөөрөмжид химийн бодис алдагдсан тохиолдолд сигнал өгдөг автомат тохируулга бий эсэхийг хянаж тодруулна гэдгийг хэлсэн. Улаанбаатараас ирсэн багийн маргааш хийх шинжилгээний хариугаар асуудал тодорхой болно гэдгийг тэрээр мөн онцолж байлаа.


Үйлдвэрийн байран дахь махнаас авсан дээжид хорт бодис илрээгүй

10 дугаар сарын 25-ны өдөр тухайн байгууллагын хөргүүрт байсан махнаас дээж авч шинжлэхэд Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээгээр сөрөг, бактерлогийн шинжилгээгээр сөрөг гэсэн дүн гарсныг холбогдох албаныхан танилцуулав. Өчигдөр /2019.10.27/ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төвийн лабораторид хор судлалын шинжилгээ хийлгэхээр дээж явуулсан, өнөөдөр 11:00 цагт дээжийг хүлээн авсан шинжилгээнд шилжүүлэх гэж байна гэсэн мэдээллийг ирүүлсэн гэдгийг мөн мэдээллээ.


Холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө

“Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж энэ асуудал үүсч, Баянхонгор аймгийн 40 гаруй иргэний эрүүл мэндэд аюул учирсан байна гэж дүгнэж байгаа. Аймгийн удирдлагуудын зүгээс энэ 72 цагийн хугацаанд мэргэжлийн бүх байгууллагатай холбогдож, цаг үеийн мэдээллийг тогтмол авч чиглэл өгч ажилласан” гэдгээ аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн.

“Олон хүн ажилладаг, хүнд үйлдвэрүүдэд аймгийн МХГ-аас хийх хяналт шалгалтаа өндөржүүлж, зөвлөн туслах үйлчилгээгээ эрчимжүүлэх шаардлагатай байна. Хордсон бодисыг мэргэжлийн байгууллагатай хамтран даруй тодорхойлох, нийт ажилчдыг дахин үзлэг, шинжилгээнд хамруулж шаардлагатай бол гурав дахь шатлалын эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу компаниас зохион байгуул” хэмээн аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэгдлээ. Компанийн ажилчдын хувьд биеийн эрүүл мэндийн байдлаа тогтмол хянуулж, цаашид гарч болох эрсдэлээс сэргийлж, өөрсдөө хариуцлагатай байж эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж байгаарай гэдгийг мөн зөвлөсөн юм.

Холбоотой мэдээ