БАЯНХОНГОР: Аялал жуулчлалын үйлчилгээний нэгдсэн мэдээлэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, амралтын газар, зам дагуух үйлчилгээний цогцолборуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Баянхонгор аймаг Монгол Улсын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамарсан говь, хангайн бүсийн заагт байрладаг. Иймээс нутаг дэвсгэр нь говь, хангай, хээрийн бүс хосолсон онцлогтой. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км-ийн зайд оршдог.
Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Сүмбэр, Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Лиг, Цагаан гол, Баянцагаан зэрэг том, жижиг 160 гаруй гол горхитой. Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг, Олгой зэрэг 30 шахам нуур бий.
Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн хад зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой зэрэг үзэсгэлэнт баян бүрдүүдтэй.
Бүх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу зэрэг түүх, соёлын олон төрлийн дурсгалууд өргөн тархсан байдаг.
Баянхонгор аймгийн долоон гайхамшгаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уулыг нэрлэдэг.