Олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээнийг Токиод явуулахыг шаардсаар байна

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-10-31 13:40:01

ТОКИО. /TASS/. 2020 оны Олимпын наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнийг Саппоро хотод бус Японы нийслэл Токио хотод явуулахыг тус хотын эрх баригчид шаардсаар байна. Энэ тухай Токиогийн захирагч Коикэ Юрико мэдэгджээ.


“Нийслэл хотын оршин суугчдыг төлөөлж буй захирагчийн хувьд би тэмцээнүүдийг Токио хотод зохион байгуулахыг хүсэж байна” гэж тэрбээр цохон хэлжээ. Киоко мөн хотын удирдлагуудтай зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргасан гэж Олон улсын олимпын хороо  /ОУОХ/ болон 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах хороог шүүмжилсэн байна.


ОУОХ урьд нь халуун цаг агаартай холбоотойгоор 2020 оны Олимпын наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнийг Японы хойд нутгийн Саппоро хот руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг нийслэл хотын захиргаа эсэргүүцсэн байна. ОУОХ-ноос гаргасан шийдвэрийг Токио хотын эрх баригчид хүлээн зөвшөөрөх ёстой гэж Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори мэдэгджээ.


Токио хотод сүүлийн гурван жилийн хугацаанд явуулсан хэмжилтээр, долдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл тус хотын агаарын дундаж температур 30 градусаас тогтмол давж байсан байна. Энэ нь Токиод Олимпын наадам зохион байгуулж байсан 1964 оныхоос хамаагүй өндөр үзүүлэлт аж. Гэхдээ тухайн үед тэмцээнүүдийг 10 дугаар сарын эхээр явуулж байжээ.


Зуны Олимпын ХХХII наадам Японы нийслэл Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болно. Олимпын наадмын тэмцээнүүдийг зохион байгуулахад 2 орчим их наяд иен /17.8 тэрбум ам.доллар/ зарцуулахаар төлөвлөсөн байна. 



Холбоотой мэдээ