Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 35 хүн эмнэлэгт ханджээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-11-11 12:48:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотой цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабель хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотой пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд албаныхан онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ