Цагаан зээрийг хамгаалах ажлыг бүсийн хэмжээнд хамтран хийнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-12 18:03:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн ИТХ-ын хамтарсан “Янзаган хүрээг хайрлаарай” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ боллоо. Хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга болон гурван аймгийн 17 ЕБС-ийн эко клубийн сурагчид оролцож, жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг хамгаалах, тоо толгойг нь бууруулахгүй байх тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Монгол орны зүүн бүс нутаг бол цагаан зээрийн өлгий нутаг гэгддэг. Сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой цөөрч байгаа нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй. Энэ нь хадлангийн бүс нутгийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, дэлхийн дулаарал гээд олон зүйлтэй холбоотой аж. Тиймээс нэн түрүүнд бүсийн аймгууд хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хийх шаардлага тулгарчээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат

Манай аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын зааг нутаг, Шилийн богд, Зотол хаан уулын орчим бол цагаан зээрийн төллөдөг гол бүс нутаг гэдэг нь БОАЖГ-аас хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс яг эдгээр нутагт хадлангийн бригад гаргахгүй байх тал дээр онцгой анхаарах ёстой. Цаашлаад тал хээрийн түймэр, зөвшөөрөлгүй ан агнуураас урьдчилан сэргийлэх ажлыг бүс нутгийн хэмжээнд хамтран хийх нь хамгийн зөв шийдэл болох юм. Бид энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг аймгуудын удирдлагууд, холбогдох газруудад хүргүүлэн ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана.

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох

Хэнтий аймагт цагаан зээр нутагладаг газрууд бий. Гэхдээ мал сүргийн тоо өссөн, бэлчээр усны хомсдол, хадлангийн тариаланг тухайн газар нутгаас бэлтгэх, байгаль цаг уурын байдал зэрэг олон зүйлээс шалтгаалж цагаан зээр нүүдэллэх болсон. Нөгөө талаар аймгийн ИТХ-аас ахуйн хэрэглээний зориулалтаар зөвшөөрөлтэй агнах цагаан зээрийн тоо толгойг тогтоож өгсөн ч үүнээс давуулан, хууль бусаар агнах тохиолдол буурахгүй байна. Тиймээс цаашид байгаль хамгаалагчдын ажиллагааг сайжруулах, хууль хяналтын байгууллагуудын хяналтыг чангатгах тал дээр анхаарч ажиллах ёстой. Энэ удаагийн хэлэлцүүлгээс бүсийн аймгууд цагаан зээрийн хөлийн нутгийг хамгаалах тал дээр хамтарсан бодлого шийдвэрүүдийг гаргана гэдэгт найдаж байна гэв.

 

Хэлэлцүүлэгт оролцогч ЕБС-ийн эко клубийн сурагчид цагаан зээрээ хамгаалах тал дээр мөн өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм. Улмаар хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал санаачилгыг нэгтгэж,  жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа цагаан зээрийг хамгаалах ажлыг орон нутаг болоод бүсийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ