ДНХ, РНХ-ийн сая гаруй хувилбарыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-11-12 16:16:05

ТОКИО. /TASS/. Японы молекулын биологичид удамшлын мэдээлэл дамжуулдаг сая гаруй тогтвортой хэлбэрийг олж нээжээ. Эдгээр нь ДНХ, рибонуклеины хүчлийг /РНХ/ бүрэн орлож, эсвэл амьдралын шинэ хэлбэр үүсэх эхлэлийг тавьж чадна гэж шинжлэх ухааны “Journal of Chemical Information and Modeling” сэтгүүлд гарсан эрдэмтдийн нийтлэлд дурдсан байна.


“Байгаль дээр хоёр төрлийн нуклеин хүчил, түүнчлэн дан нуклеотидтай нэгдэх боломжтой 20-30 орчим бодис байдаг. Бид ДНХ ба РНХ-ийн ядаж нэг хувилбар байгаа эсэхийг мэдэхийг хүссэн бөгөөд таамаглаж байснаас олон хувилбар олж илрүүлсэн” гэж Токиогийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Жим Кливс ярьжээ.


"РНХ-ертөнц"-ийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онолын дагуу дэлхий дээрх анхны амьд организмууд нь орчин үеийн үр удмаасаа огт өөр бүтэцтэй байв. Тэдгээр дэх уураг ба ДНХ-ийн үүргийг удамшлын мэдээллийг нэгэн зэрэг хадгалж, химийн янз бүрийн урвалыг хурдасгадаг РНХ молекулууд гүйцэтгэсэн байна. Хожим нь эдгээр үүргийг хоёр өөр төрлийн молекулууд хүлээж авжээ. Хувьслын онол судлаачид яагаад ийм зүйл болсон тухай одоог хүртэл нэгдмэл дүгнэлтэд хүрч чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд биологичид, химичид РНХ-ийн янз бүрийн богино молекулууд болон ДНХ-ийн "үсэг"-үүдийг идэвхтэй туршиж, амьдрал үүсэх үйл явцыг лабораторийн нөхцөлд бий болгохыг оролдон, манай гарагийн хамгийн эртний оршин суугчдын хувьд мэдээллийг хадгалах, бүртгэх шинэ хэлбэр рүү шилжихэд юу нөлөөлснийг ойлгохыг хичээж байгаа билээ.


Клевс болон түүний хамтрагчид ДНХ ба РНХ молекулуудтай ижил төстэй, гэхдээ химийн найрлага, бүтцээрээ эрс ялгаатай асар олон тооны молекулуудын тогтвортой байдлыг тоолж, ийм төрлийн томоохон туршилтуудын нэгийг хийжээ.

Холбоотой мэдээ