Ч.Хүрэлбаатар: Бүх аймгийн төвийг хот болгох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-14 12:39:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын 62 гишүүн энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ УИХ-ын чуулганаар энэ оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 7-нд хийсэн юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг боловсруулаад буй юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ оны есдүгээр сарын 7 болон энэ сарын 13-нд хийжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг 2020 оны эхний хагас жилд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбоотой хуулийг шинэчлэн, Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Багануур, Налайх дүүргийг мөн улсын зэрэглэлийн хот болгон хөгжүүлэх санал гаргав. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Зөвхөн Дархан, Эрдэнэт, Налайх, Бага нуурын асуудлыг тусгайлж үзэх нь буруу. Бүх аймгийн төвийг хот холбгох асуудлыг тусгах нь зөв” гэсэн санал хэллээ. Тиймээс дээрх асуудлыг хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үед анхаарч үзэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгов.


Чуулганы хуралдаанаар байнгын хорооноос ирүүлсэн дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулж байна. (Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны мэдээллийг эндээс үзнэ үү)

Холбоотой мэдээ