Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олон талын зөвшилцлөөр баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-14 17:53:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлав. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхэлж мөрдөнө.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдаанд танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцүүлж, төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь тогтсон. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс уг тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авснаар тус тогтоол хүчингүй болсон.  Тиймээс хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх хугацааг УИХ-аас тогтоосон. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Зөвшилцлийн ажлын баг нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй хоёр санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар, "Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх", "Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн зарчмын хоёр саналыг хэлэлцэж, гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг дурдав. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 12 саналаар дахин санал хураасныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнийг танилцуулав.


Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ

Гишүүд ажлын багаас асуулт асууж, тодруулсны дараа Зөвшилцлийн ажлын багаас гаргасан хоёр зарчмын санал болон найруулга, редакцын шинжтэй 12 саналаар санал хураав. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.


Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь  буюу гуравны хоёроос доош хүн дэмжсэнээр санал хүчингүй боллоо.



Дараа нь улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөхийг 61 гишүүн буюу 93.8 хувийн саналаар дэмжив.


Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь буюу 62 гишүүн дэмжлээ. 


Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж тус тус өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэхээр боллоо. Түүнчлэн гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжлээ. (Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү)


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангатай холбоотой, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн хэсэгт боловсруулжээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь батлав

Ийнхүү санал хурааж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл заалт бүрийг боловсруулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан 20 орчим минут завсарласан. Завсарлагааны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн бүрэн хувилбарыг УИХ-ын дарга Г.Занданшатар  уншиж танилцуулав. 



Ингээд төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувь дэмжиж батлав. 


Үүний дараа, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьснаас хойш УИХ дөрвөн сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал бүрийг нухацтай хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн зөвшилцлөөр, өргөн хүрээг хамруулан баталлаа" хэмээв. 



Зөвшилцлийн саналтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийлэв

Санал хураалтын өмнө Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын багаас асуулт асууж, тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгээс хойш оруулж буй зөвшилцлийн ажлын багийн хоёр саналыг хэлэлцэж тусгах нь хуульд нийцэх эсэхийг тодрууллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгаар явуулах тогтоолд хориг тавьсан тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нийцүүлж өөрчлөлт оруулснаар гурав дахь хэлэлцүүлгээр зарим саналыг хэлэлцэх боломж нээгдсэн, хууль зөрчсөн зүйл байхгүйг хэллээ. 


Тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа, "Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар, намын жагсаалтын хойно ард түмэнд "нүүргүй" болсон хүмүүс нуугдаж УИХ-ын гишүүн болох гэж байна гэсэн хардалт байна. Тийм зүйл огт байхгүй. Учир нь намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийг нам биш, сонгогч дугуйлдаг байхаар зохицуулж буй юм. УИХ улс орны хөгжлийн бодлого дэвшүүлдэг,  эрх ашгийг хамгаалдаг гишүүнтэй байх нь зүйтэй. Одоогийн 76 тойргоос сонгогдсон гишүүд тухайн аймаг, орон нутагтаа хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж, дахин сонгогдох эрх ашгаа бодож, улс орны хөгжлийн бодлого тодорхойлж чадахгүй байна" хэмээв. 


Хэлэлцүүлгийн үед зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулаагүйд харамсаж буйгаа илэрхийлж байв. Харин ажлын багаас эрх баригч нам 64 суудалтай, дангаараа батлах боломжтой ч улс төрийн намууд, ерөнхийлөгч, олон нийттэй зөвшилцөж, хэлэлцсэнээр ямарваа зөрчилгүй хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгааг тэмдэглэж байв. 



Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд, "39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан. Харин зөвшилцлийн ажлын багаас "Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж өгүүлбэр нэмэх санал тусгасан.  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, дээрх нэмэхээр санал оруулсан хэсэг нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ хоёр удаа зөвшилцөх хуулийн давхардал үүсгэж байна гэлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, өмнөх өгүүлбэр нь Засгийн газар хэдэн яамтай, ямар бүтэцтэй, хэдэн сайдтай байх бүтцийн асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай хуучин байсан заалт. Харин дараагийн өгүүлбэр нь Ерөнхий сайд байгуулсан бүтэцдээ ямар хүнийг томилох, чөлөөлөх асуудлаар зөвшилцөх ялгаатай зохицуулалт гэдгийг тайлбарлалаа. 


Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Хэрэв Ерөнхий сайд ойр дотны хүмүүсээрээ танхимаа бүрдүүлэхээр танилцуулбал, УИХ хэрхэн хүлээн авахыг тодруулав. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дээд шүүхийн шүүгчийг танилцуулж томилдогтой адил УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд тодорхой зохицуулж өгнө. Салбартаа чадвартай шилдэг хүнийг танилцуулж, томилсноор Засгийн газар тогтвортой сайн ажиллана. Ямар нэгэн алдаа гаргавал Ерөнхий сайдыг УИХ-аар "унагааж" болно. Дээрх зохицуулалт нь парламентын засаглалтай улсын хувьд, эрх мэдлийг тэгш хуваарилах хамгийн зөв шийдэл гэдэгт зөвшилцлийн ажлын баг санал нэгдсэн гэдгийг дурдав.

Холбоотой мэдээ