Төрөөс баримтлах 2020 оны мөнгөний бодлогыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 16:35:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, дэмжлээ. 


Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дөрвөн саналын томьёоллыг боловсруулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тэдгээр саналыг дэмжсэн гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдааны үеэр,  зарим гишүүнээс хоёр дэд заалт нэмэх санал гаргасныг танилцууллаа.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, “Саарал жагсаалт”-аас гарах ажлын төлөвлөгөө, инфляцийн түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр, 2019 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан юм. 


Дараа нь Ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дараах саналын томьёоллоор санал хураав. 


Тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдлаар өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдлөх эд хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолын төслийн 2.4-т “нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх” гэж нэмэх санал дэмжигдлээ. Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 2.1-т “банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ” гэж тусгасныг “үргэлжлүүлнэ” гэж өөрчлөх, тогтоолын төслийн хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээ авна” гэж илүү тодорхой болгож өөрчлөн найруулах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт нэмэх саналыг мөн дэмжсэн. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн гаргасан “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, УИХ-д танилцуулах” гэсэн дэд заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнгүй. 


Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ