Д.Трамп Хонконгийн хүний эрхийн тухай хуульд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-28 08:09:37

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай", мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд лхагва гарагт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


"Би Си Жиньпин дарга, Хятад улс болон Хонконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс эдгээр хуульд гарын үсэг зурлаа. Хятадын удирдагчид болон Хонконгийн төлөөлөгчид санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, бүгдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирна гэж бид найдаж байна" гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


Энэхүү хууль нь 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа бөгөөд Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах тухай тусгажээ. 


БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

 


Холбоотой мэдээ