Мөсөнд авиралтын “Karakorum Ice Festival 2019” тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-02 17:34:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хангай нуруунаас эх авдаг Орхон голын хөндий дэх Улаан цутгалангийн хүрхрээнд мөсөнд авиралтын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 7-8-нд зохион байгуулна.


Өвлийн аялал жуулчлалыг сонирхогчдын адал явдал, амралтад эрч хүч өгсөн мөсөнд авирагчид багаж хэрэгслээ үүрээд Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээг зорьж, байгалийн сайхан, эрүүл агаарт 2 өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.


Энэ тэмцээнийг аялал жуулчлалын Монголиа экспедишнс энд турс ХХК, МУГТ Г.Өсөхбаяр нарын санаачилгаар 2012 оноос эхлэн зохион байгуулж байна. “Ice Challenge Mongolia” хэмээх нэрээр нь дотоод, гадаадын жуулчид тус тэмцээнийг сайн мэднэ. Энэ жилийн хувьд, тэмцээн цар хүрээгээ тэлж “Karakorum Ice Festival “ нэрээр болох бөгөөд тэмцээний ялагч нь 1 сая төгрөг, цомын эзэн болно.


Мөсөнд авиралт нь дэлхий нийтээр залуучуудын шинэ үеийн тренд болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монголд өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлын нэгэн уламжлалт тэмцээн гэж болно. Улаан цутгалангийн хүрхрээний мөсөнд очиж авирдаг гадаад, дотоодын жуулчид жил ирэх тусам олширч байгаа юм.


"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд мөсөнд авиралт орох хамгийн өндөр магадлалтай спортын төрөл болоод байна. 2012 оноос эхлэн монголчууд мөсөнд авиралтыг Монголдоо хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнд оруулж эхэлсэн төдийгүй Монголын тамирчид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.


Ташрамд дуулгахад, Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг зорих замдаа Монгол Элс буюу Элсэн тасархай, Хархорины Эрдэнэзуугийн хийд, Хужирт тосгон, Төвхөн хийд, Үүртийн тохой гээд олон сонирхолтой газрыг үзэж сонирхох боломжтой. Мөн монгол гэрт хоноглож, малчин айлд зочилж тэмээ, морь, сарлаг унаж үзэх боломж байгаа юм.


Энэхүү тэмцээнийг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголиа Экспедишнс ХХК, Монголын Уулчдын Үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна.





Холбоотой мэдээ