Төгсөлтийн баяраараа 22 суралцагч ажлын байрны урилга авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-05 20:42:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн 2.5 жилтэй мэргэжлийн ангиудад 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцсан оюутнууд “Баялаг бүтээх чадамжтай” мэргэжилтэй ажилтан болж төгсөлтийн баяраа хийлээ. 

Оюутнууд суралцах хугацаандаа хамтын ажиллагаатай түншлэгч байгууллагуудад танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлага, төгсөлийн өмнөх дадлагыг хийдэг бөгөөд суралцагчдыг дадлагажуулж ажилласан байгууллага, хувь хүмүүс амжилттай ажилласан суралцагчдад ажлын байрны урилга гардуулдаг уламжлал тогтсон байна. Онолын болон ур чадварын шалгалтуудаа амжилттай өгсөн 101 суралцагч төгсөлтийн баяраа хийж, 22 суралцагч ажлын байрны урилгаа мөн үеэр гардан авчээ. 

Төгсөгчид цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас гадна Техникийн боловсрол эзэмшүүлэх мэргэжлийн ангиудад /Оёмол бүтээгдэхүүний техникч, технологич, Барилгын техникч, Сантехникийн техникч, Хоол үйлдвэрлэлийн техникч, технологич мэргэжлүүдээр/ дэвшин суралцах боломжтой юм байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Политехникийн коллеж нь Монгол Улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх хоёр дахь сургууль болон “Барилгын сургууль комбинат” нэртэйгээр үүд хаалгаа нээж байжээ.

Холбоотой мэдээ