Шинэ оноо төв талбайд угтахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-31 09:56:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан зохион байгуулж буй  баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуур, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр эхэлнэ.

Энэ үеэр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид 18.30 цагт хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

Нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро шоу үзүүлбэрүүд 20.00 цагт үргэлжилнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ.  Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдох  учраас иргэд та бүхэн шинэ оноо хамтдаа төв талбайдаа нийслэлийн удирдлагуудтайгаа угтахыг уриалж байна.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12.30 цагаас 2 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Холбоотой мэдээ