Их нүүдэлд дарагдсан Европ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-09-22 16:03:56

Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Европ тивийнхэн Дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойш дэгдээгүй асар том хүмүүнлэгийн хямралд өртөж, тодруулбал, дүрвэгсдийн их нүүдэлд дарагдсан нь одоо ч үргэлжилсээр байна.

Европын Холбоог энэ ертөнцийн диваажин мөн гэсэн итгэл үнэмшил бүхий үй олон мянган дүрвэгсэд Ойрхи Дорнодын орнууд, Африкаас цувсаар л.

2015 оны эхний 6 сарын байдлаар Европт 340 мянган хууль бус цагаачид нэвтэрсэн нь өмнөх оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин сүүлийн хэдэн долоо хоногт чухам хэчнээн хүн нууцаар нэвтэрснийг тогтоох ямар ч боломжгүй байна. Хамгийн сүүлийн үеийн баримжаа тоо гэвэл, есдүгээр сарын эхний өдрүүдэд Грекийн эрэгт өдөртөө 4 мянга орчим цагаач бууж байлаа.

Өнөөдөр цагаачдын тоо хоног хоногоор бус цаг цагаар өсч байгаа тухай Европын хэвлэлүүд бичсээр байна. Үүссэн нөхцөл байдлыг Европын Комиссын дарга Жан-Клод Юнкер “хэрвээ бид тэдэнд хаалгаа хагас ч атугай нээж өгөхгүй бол тэд нар цонхоор орох нь ” хэмээн тодорхойллоо.  

Газар Дундын тэнгисээр даац хэтрүүлэн хууль бус цагаачдыг тээж явсан хөлөг онгоцууд осолдож, хүмүүс олноороо амиа алдаж байгаа тухай мэдээ он гарснаас хойш хэвлэлийн хуудаснаас салсангүй. Сууж явсан завь нь живсний улмаас амиа алдсан 3-хан настай бяцхан хүүгийн цогцос далайн давалгаанд шидэгдэн эрэг дээр гарч ирснийг гэрэл зурагт буулгасан нь дэлхий нийтийн өрийг өвтгөлөө. Цаашдаа нөхцөл байдал ингэж хурцдах аваас дүрвэгсдийн хямрал нь соёл иргэншил хоорондын асуудал болон хурцдаж магадгүй төлөв харагдаж байна. 

Сири болон Иракийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт нөлөөгөө тогтоосон “Лалын улс” хэмээх террорист байгууллага бол цагаачлалын хямрал, дүрвэгсдийн хямралыг даамжруулсан гол буруутнуудын нэг юм. Бүхэл бүтэн хот тосгодыг устган үгүй хийж байгаа, хүмүүсийг олноор нь цаазаар авч буй дүрс бичлэгээ нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний ёсноос гадуур харгис авирлаж байгаа нь Сири, Иракийн иргэдийг нутаг орноо орхихоос аргагүйд хүргэлээ.

Яг одоогийн байдлаар, хууль бус цагаачдын бөөгнөрөл үүссэн хоёр “халуун цэг” Европын өмнөд хэсэгт бий болоод байна. Эхнийх нь Францын хойд нутгийн Кале хэмээх боомт хот, нөгөөдөх нь Унгар, Сербийн хил орчмын бүс юм.

Дублины хэлэлцээр ёсоор бол, тухайн иргэн анх хөл тавьсан Европын орны эрх баригчдад хандан дүрвэгчийн статус олгохыг хүсэх ёстой гэнэ.

Эл зарчмыг баримтлан Германы Канцлер А.Меркель “хүсэлт гаргасан хүн бүхэнд статус олгоход бэлэн байна” хэмээн хэлж орхижээ. Ийм мэдэгдэл гарсны дараа ЕХ-ны хилийг нууцаар давсан хууль бус цагаачид Герман руу цувах нь ойлгомжтой. Олон мянган сиричүүд, иракчууд Унгарын хил рүү хөдөллөө. Дүрвэгсдийн урсгалаас болгоомжилсон унгарчууд Сербитэй залгаа хилийнхээ дагуу 2 м өндөр торон хашаа барьж эхлэв. Гэтэл ном журмаараа бол Унгар нь Дублины хэлэлцээрт гарын үсэг зурсан орон учраас “шинээр ирэгсдийг” бүгдийг нь бүртгэн авч, дүрвэгчийн статус олгох ёстой юм.

Дублины хэлэлцээр гэдэг баримт бичгийг Европын Холбооны бүх гишүүн орон, түүнчлэн Исланд, Норвеги, Швейцарь, Лихтенштейн улсууд баталжээ. Эл хэлэлцээрийн гол зарчим нь “хариуцагч орон гэдэг нь тухайн хүнд виз эсвэл оршин суух зөвшөөрлийг анх олгосон улс орон мөн болно” гэсэн ганцхан өгүүлбэрт багтаж байгаа юм. Улстөрийн орогнол хүссэн хүсэлтийг зөвхөн нэг л улс хариуцна гэсэн утгатай.                                            

Дүрвэгсдийн ярьж байгаагаар бол, Болгар, Румын, Хорват зэрэг орнуудын цагдаа нар болон иргэд нь цагаачдад дэндүү дээрэнгүй ханддаг учраас тэд Сербийг сонгон Унгараар дамжиж Германд нэвтрэх гэж азаа үзэж байгаа аж. Сербчүүд Европын Холбоонд элсэхийн тулд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, Европ дахины үнэт зүйлсийг дээдэлдэг гэдгээ харуулахыг ихэд хичээж байгаа учраас дүрвэгсдэд хүлээцтэй тайван хандаж байна. Харин 90-ээд эхээр баруун руу гарахын мөрөөдөл болж байсан Зүүн Европын иргэдийн хувьд улс орон нь дээрх байгууллагад нэгэнт элсчихсэн учраас дүрвэгсдийг нэлээд ад үзэх шинжтэй.  

Европын Холбооны хувьд бараг 1 сая орчим тооны дүрвэгсдийг нэг дор хүлээн авах боломжгүй гэдэг нь тодорхой, гэхдээ тус холбооныхон байдлыг бодитойгоор харалгүйгээр “асуудал аяндаа тэгж байгаад шийдэгдэнэ” гэсэн идэвхгүй хандлага гаргаж байгаагаас нөхцөл байдал хүндэрч байна гэж зарим ажиглагчид шүүмжилж байгаа юм.

Өнгөрсөн хавар Европын Комиссын дарга Жан-Клод Юнкер санал гаргахдаа ЕХ-ны гишүүн 28 орон квотын хүрээнд дүрвэгсдийг хүлээн авъя гэжээ. Түүний саналаар бол, хүлээн авах цагаачдын тоо нь тухайн орны ДНБ-ний хэмжээ, хүн амын тоо, ажилгүйдлийн түвшин болон урьд нь хүлээн авсан цагаачдын тооноос хамаарах юм. Эл саналыг Герман, Итали, Австри, Швед зэрэг орнууд дэмжсэн бол Зүүн Европын орнууд эрс эсэргүүцсэн байна. Франц, Испани, Португал гурав эргэлзсэн байр сууриа илэрхийлэв. Эстони, Латви, Финланд, Литва зэрэг дүрвэгсдийн хөлөөс зайдуу орнуудын хувьд ийм шийдвэр гаргах хүсэл сонирхол байхгүй нь ойлгомжтой. Харин эдгээр орнууд хэл соёл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг ойролцоо Украин улсаас дүрвэгсэд хүлээн авч болох юм гэдгээ илэрхийллээ. Их Британи, Дани хоёрын хувьд энэ асуудлаар болсон санал хураалтад оролцсонгүй, учир нь энэ хоёр улс ЕХ-нд онцгой статустай бөгөөд тус байгууллагын цагаачлалын бодлогод оролцдоггүй гэнэ. 

Одоо тэгэхээр Герман, Франц, Итали гэсэн Европын гурван гол орон эмх замбараагүй байдлыг эцэслэх гол ачааг үүрэхээс аргагүйд хүрээд байна. 

Баян ах дүүсийндээ очдоггүйн учир

Дүрвэгсэд яагаад Арабын баян орнуудад очдоггүй юм бол? гэх асуулт төрөх нь зайлшгүй. Газрын тосоор баян Саудын Арави, АНЭУ, Оман, Катар, Кувейт, Бахрейн гээд цагаачидтай хэл соёл, шашин шүтлэг нэгтэй, бүгдээрээ адилхан Аллахад мөргөж, Коран судар уншдаг ах дүү нар нь дүрвэгсдээс зайгаа барьсаар байгаа нь ямар учиртай юм бол?

Эл байдлыг ажиглагчид янз бүрээр тайлбарладаг. Тухайлбал, эдгээр улсуудын төсөв нефть, хий худалдсан орлогоос бүрэн хамаардаг, гэтэл энэ онд газрын тосны үнэ газарт унатлаа хямдарсан учраас Саудын Арави гэхэд л арвилан хэмнэлтийн горимд шилжжээ. Катарын хувьд хөлбөмбөгийн ДАШТ-2022 гэдэг нүсэр тэмцээнийг зохион байгуулахын тулд олон тэрбумаар нь доллар хаяж, “амьсгаа өндөртэй” байгаа учраас цагаачидтай зууралдах зав хийгээд сонирхол үгүй.

Гэхдээ арабууд, лалын шашинтнууд бүгдээрээ ийм хүн чанар муутай хүмүүс гэвэл дэндүү хилсдүүлсэн хэрэг болно.  Египетчүүд тун өгөөмөр сэтгэлээр хандаж, 160 мянган дүрвэгчийг хүлээж авсан боловч удалгүй хилээ хаасан байна. 7-хон сая хүн амтай Ливанд гэхэд 1.2 сая сиричүүд дүрвэн иржээ.

Түүнээс гадна, сүүлийн 5 жилийн хугацаанд Турк улсад 2 сая гаруй хүн цагаачлан ирчихээд амьдарч байна. 4-хөн сая хүн амтай Иордан улс гэхэд 1 сая гаруй дүрвэгчдийг нутагтаа байлгаж байгаа гэх мэт.   

Дүрвэгсэд Персийн булангийн баян орнуудыг зүглэхгүй байгаа өөр нэгэн шалтгаан бий. Тухайлбал, Сирийн дүрвэгсдийн ихэнх нь боломжийн амьжиргаатай, боловсрол өндөртэй хүмүүс бөгөөд иргэний дайны хөлөөс дайжин Европ руу цуварч байна. Аав, хүү хоёр Асад Сирийг дөч, тавин жилийн турш захирч байгаа ч барууныхны төсөөлдөг шиг тийм “түнэр харанхуйлтал нь дарангуйлдаг” хүмүүс бас биш юм. Сиричүүд харьцангуй эрх чөлөөтэй хүмүүс бөгөөд улс оронд нь шашны олон урсгал эрх тэгш зэрэгцэн оршино. Тийм болохоор тэд хэт хатуу хууль дүрэмтэй орнууд руу зүглэх нь юу л бол?

Нөгөөтэйгүүр, Персийн булангийн орнуудад очно гэдэг бол Европ руу зүглэхээс илүү хол бөгөөд зүдэргээтэй замыг туулна гэсэн үг.  

Чухам ямар хүмүүс Европ руу ингэтлээ их тэмүүлж байна вэ? Тэдний ихэнх нь байлдааны ажиллагаа болж буй газар орны оршин суугчид биш, бас тэгтлээ хоосорч ядуурсан хүмүүс биш гэнэ. Үнэхээр хүнд байдалд орсон, дайн дажинд шууд өртсөн хүмүүсийн хувьд тэднийг Турк, Ливан, Иордан дахь дүрвэгсдийн хуарангуудад аль хэдийнэ байрлуулчихсан аж. Учир нь, хууль бус цагаачдыг Европ руу зөөх талаар дагнадаг мафийнханд төлөх 5-15 мянган евро тэдэнд байхгүй.

Тэгэхээр голдуу нийгмийн дундаж давхаргынхан болох бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид Европыг зорьж байна. Яг дайн болж буй газраас тэд дайжаагүй, гэхдээ дайны улмаас улс орондоо бизнес эрхлэх боломж бараг үгүй болсон, дээр нь “Лалын улс”-ынхан дайран орж ирэх магадлал өндөр байгаа учраас л дүрвэж байгаа юм. Түүнээс гадна, дээр дурдсан нефтиэр баян орнууд дүрвэгсдэд мөнгө өгч өөрсдөөсөө холдуулан Европ руу зүглүүлээд хаядаг гэсэн хардлага сэрдлэгийн шинжтэй зүйлүүд хэвлэлүүдэд үзэгдэнэ.  

“Арабын хавар” ба дүрвэгсдийн их нүүдэл  

Америкийн нэртэй улстөрч Рон Пол дүрвэгсдийн их нүүдэл бий болсон шалтгаан, үр дагаврын тухайд ийм дүгнэлт дэвшүүлжээ.

Сири, Ирак, Ливиэс иргэд нь дайжин дүрвэж буйн гол шалтгаан бол АНУ болон Европын Холбооны зүгээс эдгээр оронд тогтнож буй дэглэмүүдийг түлхэн унагах, бууны ам долоолгон байж “ардчиллыг” хүчээр тулган хүлээлгэхийн тулд явуулсан неоконсерватив гадаад бодлогын үр дагавар мөн хэмээн тэрбээр шулуухан хэллээ. 

НАТО-гийн онгоцууд Ливийг бөмбөгдөж, Башар Асадыг унагахын тулд барууныхан Сирийн сөрөг хүчнийг дэмжиж, “Арабын хаврын” хувьсгалыг хөхиүлэн доргиож байсныг өнөөдөр барууны хэвлэл мэдээллийнхэн огт дурсахгүй байна. Чухамхүү дээрх үйл явдлууд л хууль бус цагаачдыг үй түмээр нь бий болгожээ.

“Арабын хавар” дөнгөж эхэлж байх тэр үед Европын Комиссын дарга асан Жозе Мануэль Баррозу “Энэ бол тус бүс нутгийн ард түмний эрх чөлөө, ардчилалд тэмүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Түүхэн энэ агшинг зүгээр өнгөрөөж болохгүй. Бид өөрсдийн боломж бололцооны хэрээр тэдэнд туслах нь зүйтэй” гэжээ.

Гэтэл одоо дүрвэгсдийн хямралыг өдөөсөн энэ үгээ барууныхан буцаагаад залгичихсан бололтой. Европын орнуудаас Франц, Их Британи хоёр бол Ливид довтлохыг хамгийн ихээр  уухайлан дэмжсэн хоёр улс. Хэдийгээр Каддафийг унагаж чадсан боловч одоо тэнд иргэний дайн хүчээ авч, иргэд нь Европыг нөмрөн хуйларсаар. Мэдээж хэрэг, Европын удирдагчид Ойрхи Дорнодод үүссэн хямралын эхийг тавьсан гэдгээ дурсахыг хүсэхгүй.

Дашрамд дурдахад, ЕХ-ныхон Ливийн удирдагч асан Каддафитай уулзахдаа, өөрийн хил хязгаарыг чанд хамгаалж, өөрийн иргэд болон Ливиэр дамжин Газар Дундын тэнгист хүрч улмаар Италид очих зорилготой гадны цагаачдыг нутгаараа нэвтрүүлэхгүй байх тухай тохиролцоонд хүрч байсан бололтой. Үүний дүнд Каддафийг өөд болох хүртэл дүрвэгч, цагаачид хэвийн горимоор цувж байсан билээ.                                                                         

Их нүүдлийг саармагжуулах гарц бий юу?                                                              

Цагаачлалын асуудлыг түвэг бэрхшээл багатайгаар шийдсэн туршлага европчуудад бий аж. Вьетнамын дайн дууссаны дараа Барууны орнууд Энэтхэг-Хятадын хойгийн орнуудаас 1.3 сая дүрвэгчдийг хүлээн авч байсан хэдий ч энэ нь европчуудын амьдралд ямар нэгэн түвэг чирэгдэл учруулаагүй байна. Тэгэхээр 500 сая хүн амтай аварга том ЕХ-ны хувьд хамгийн ихдээ гэхэд нэг сая хүрэхгүй тооны дүрвэгсдийн асуудлыг түвэг багатай шийдчих боломж бас бий.

Гэхдээ их нүүдлийг сааруулахын тулд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэх ёстой болж байна. Тухайлбал, юуны түрүүнд Сири, Ливи, Иракт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайныг зогсоох, Туркийн Засгийн газраас сири дүрвэгсдэд ажил хийх боломж олгох, Персийн булангийн чинээлэг орнууд дүрвэгсдийг хүлээн авах, Баруун Африкийн орнуудын эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн глобал шинжтэй асуудлууд урган гардаг.

Гэтэл дайн дуустал 1-2 жилийн зай бол элбэг бий.    

Тэгэхээр ойрын хугацаанд их нүүдлийг улам тэлэлгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? Барууны шинжээчдийн үзэж байгаагаар бол, үүний тулд дорх гурван арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай ажээ. 

Нэгдүгээрт, Дублины хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоох. Учир нь, энэ хэлэлцээрт орогнол хүсэн өргөдөл гаргасан дүрвэгсдийг Европын Холбооны нутаг дэвсгэрт анх хөл тавьсан тэр гишүүн улс оронд нь буцаах ёстой гэдгийг дээр дурдсан билээ. Гэтэл Герман улс сиричүүдийн хувьд энэ заалт хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Хоёрдугаарт, 2001 оны удирдамжийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү шийдвэр нь Косовод болсон дайны дараа гарсан бөгөөд дайн болон хүчирхийлэл гаарч буй бүс нутгаас ирсэн хүмүүст дүрвэгчийн түр статус олгох тухай юм. Өнөөгийн нөхцөл байдалд эл удирдамж нь Сири, Ирак, Эритрей улсуудаас дүрвэсэн иргэдэд эн түрүүнд хамаатай болж таарч байна.

Гуравдугаарт, виз олголтыг хөнгөвчлөх замаар цагаачлалын сувгуудыг хуулийн хүрээнд нээлттэй болгох, Сирийн хөрш орнууд болох Турк, Ливан, Иордан улсуудын зүгээс оршин суух зөвшөөрлийг дүрвэгсдэд олгох нь зүйтэй гэсэн үндсэн гурван шийдэл байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд