Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-09 09:39:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өсжээ. Гадаад худалдааны ашиг ийнхүү нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эергээр нөлөөлж, 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрээд байна.


ГВАН түүхэн дээд хэмжээнд хүрэхэд Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсад 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосон нь мөн нөлөөлжээ. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сард АХБ 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банк 100 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм.


ГВАН өсөж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд болон Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.


Монголбанк цаашид үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ.

Холбоотой мэдээ