АНУ Сирийн дүрвэгчдэд нэмж тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-23 11:02:44

ВАШИНГТОН. /ВВС/. Сирийн дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж нэмж үзүүлэхээ АНУ мэдэгдлээ.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жон Эрнестийн мэдэгдсэнээр, Сирийн дүрвэгчдэд АНУ 419 сая долларын тусламж нэмж үзүүлнэ.

Сириэс дүрвэсэн хүмүүс болон дотооддоо дүрвэсэн сиричүүдэд олон улсын тусламжийн байгууллагуудаар дамжуулан АНУ ус, хүнс зэрэг тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг хүргэх ажээ.

2011 онд Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ сиричүүдэд нийтдээ 4.5 тэрбум долларын тусламж үзүүлсэн байна.

Сирийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж Эрнест онцлон тэмдэглээд, сиричүүдэд туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

АНУ ирэх сард эхлэх 2016 оны санхүүгийн жилд нийт 85 мянган дүрвэгч, тэдний дотор 10 мянган сири дүрвэгчийг хүлээж авах бол 2017 онд 100 мянган дүрвэгч хүлээж авна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд