Коронавирусний голомт дээр ажиллаж буй эмнэлгүүд нийгмээс тусламж хүсэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-31 17:57:27

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, “Өвчний голомт дээр ажиллаж буй эмнэлгүүдийн хамгаалах хэрэгслийн нөөц шавхагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн боловч ханган нийлүүлэлт аажмаар сэргэж байгаа талаар” мэдээлэв.

Тус хорооны мэдээлснээр, коронавирусний голомт дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл тун удахгүй дуусах аюул нүүрлээд байгаа бөгөөд ханган нийлүүлэлтийг аажмаар сайжруулж, импортын эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлэхэд бэлэн болж, нөхцөл байдал сайжирч байгаа талаар мэдээлэл өгсөн юм.                   

Хятадын эх газарт коронавирусний халдвар авсан тохиолдол 10 мянга орчимд хүрээд байгаа бөгөөд олон газарт эмнэлгийн хамгаалах хэрэгслүүд хүрэлцэхгүй болж, нийгэмд хандан тусламж хүсээд байгаа юм. Тухайлбал, Ухань хотын Тунжи эмнэлэг өчигдөр нийгэмд хандан тусламж хүссэн юм. Эмнэлгийн хамгаалах хэрэгсэлд N95 амны хаалт, мэс заслын амны хаалт, нэг удаагийн эмнэлгийн зориулалттай амны хаалт, хамгаалалтын нүдний шил, хамгаалалтын хувцас зэрэг багтаж байгаа юм.    

Ухань хотын эмнэлгүүдээс гадна Бээжин, Шанхай, Чунчин хотууд болон Гуандун, Сичуань мужийн эмнэлгүүд эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хүрэлцээ муу байгаа тул нийгмээс тусламж хүсжээ.

“Хятад улс нь амны хаалт үйлдвэрлэл болон экспортоор дэлхийд нэгт ордог ба дэлхийн нийт хэрэглээний 50 хувийг нийлүүлдэг буюу өдөрт 20 сая гаруй амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай” талаар Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны холбогдох ажилтан хэлэв. Гэвч коронавирусний тархалт огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор амны хаалтны хэрэглээ огцом өсөж, нийлүүлэлт хүрэхгүй болоод байна.

 

Холбоотой мэдээ