Монгол, Кувейтийн Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-05 16:35:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын II зөвлөлдөх уулзалт энэ сарын 4-нд Эль-Кувейт хотноо боллоо. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцжээ.


Уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулейман Аль-Саийд нар хоёр талаас тэргүүлэн оролцсон байна.


Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог өргөжүүлэхийг чухалчлан ярилцжээ. Түүнчлэн аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, Соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахаар тохиролцсон байна.


Талууд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн барилгын ажил болон Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцахын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай дэд бүтцийн болон хүмүүнлэгийн шинэ төслийг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэжээ.


Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль, Кувейтийн Их Сургууль хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, Кувейтийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах боломж, НҮБ болон бүс нутаг, олон улсын байгууллагууд, тэр дундаа Булангийн хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.


Манай зүгээс Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх 8 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форумд Кувейтийн талаас өндөр түвшний төлөөлөгч болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.



Холбоотой мэдээ