ЗТХЯ тоон гарын үсгийн технологи нэвтрүүлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-17 11:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ яамныхаа нийт 120 албан хаагч нарт тоон гарын үсгийн гэрчилгээ олгож албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсгийн технологийг нэвтрүүлж байна. 

Энэ ажлыг Үндэсний дата төв, Монгол Улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран хийв. Цаашид албан хэрэг хөтлөлт, дотоод удирдлагын системээ “Эйбл софт” ХХК-тай хамтран хөгжүүлж, салбарын хэмжээнд тоон гарын үсгийн технологи ашиглан цаасгүй технологид шилжихээр бэлтгэл хангажээ.

Тус яам 2020 онд "Цахим яам" болох зорилт тавиад байна. Энэ хүрээнд зам, тээврийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, шагнал, тусгай зөвшөөрлийн программуудыг ашиглалтад оруулахаар хуваарийн дагуу ажиллаж байна. 


Одоогийн байдлаар зам, тээврийн хяналт, шинжилгээ, үнэлгээний программ 75 хувь, шагналынх 50 хувь, тусгай зөвшөөрлийн программ 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Эдгээр программыг мөн тоон гарын үсгийн технологи дэмжин ажиллах боломжтойгоор хөгжүүлж, уг технологид бүрэн шилжих зорилт тавиад байна. Ингэснээр төр, засгийн үйл ажиллагаанд цаг хугацаа, цаас, тээврийн зардлыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх юм.


Холбоотой мэдээ