Цаг тутам мэдээлэл өгөхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-22 23:58:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр болсон НОК-ын хурал дээр нийслэлд шуурхай штабт эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын талаар цаг тутам мэдээлэл өгч байхыг үүрэгдэв.

Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24 буюу шинийн 1-нээс эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож буйг мэдээлсэн бөгөөд ингэхдээ төрийн болон үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна гэж мэдэгдлээ. Харин нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстойг анхаарууллаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, "Нийслэлийнхэн сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцлов.


Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өгөхдөө, “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг орон нутагт тухайн аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлж байхаар болсон" гэв.

Тэрээр, "Оюутолгой" компани 300 гаруй, "Тавантолгой" компани 150 гаруй ажилтан албан хаагчийг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан” гэв.

Нийслэлд төр, захиргааны болон нийслэлийн өмчит ААН, байгууллагын 10 мянга гаруй албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг хурлын үеэр мэдээлж байв. Хурлын үеэр нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, гадаадаас зорчин ирж байгаа иргэдийг гэрт нь хөл хорио тогтоож, тусгай дугаар ажиллуулан эрүүл мэндийн тандалт судалгааг хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв. 

Өнөөдрийн хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчний талаарх цаг үеийн байдлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулж, ХӨСҮТ-д 2 иргэн, Говь-алтай аймагт нэг хүнийг тусгаарлаж эрүүл мэндийн тандалт явуулж байгааг мэдээллээ.


Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй албан хаагч ажиллаж байгааг мэдээллээ. 22-ны 15.00 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг тэрээр дуулгалаа. Тэрээр, амралтын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан иргэд хотоос гарсан бол битүүний өдрөөс шинийн 4-ний өглөө хүртэл эргэж хотод орох боломжгүй, энд ямар ч шалтаг хэлээд нэмэргүй гэдгийг онцоллоо.  

Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо. 


Холбоотой мэдээ