Өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл цөөн тоогоор үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө.
Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэлд өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж
байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагт 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн
тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм.
Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдэд өглөө 06:30-07:40, орой 18:30-19:30 цагт үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Ташрамд дурдахад, Налайх дүүрэг-Офицерын ордон чиглэлд 06.30, 06.45, 07.00, 07.15 цагт дөрвөн автобус үйлчилж байна. Тус дүүргийн иргэд ажлын шаардлага, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нийтийн тээврээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай зэрэг нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна.