УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-28 16:28:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 


Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах саналыг хүлээн авч яаралтай ажил зохион байгуулж хариу ирүүлэхийг хүссэн байна.


"1. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монгол банк болон Сангийн яамаар мэдээлэл хийлгэж эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц, хангамжийн хүртээмжийн нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах тодорхой төлөвлөгөө болон эдийн засгийн бодит алдагдлын талаар танилцуулга хийх;


2. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хөөрөгдөлд тавих хяналтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний урсгалыг хэвийн үргэлжлүүлэх, импортын бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, хорио цээрийн шаардлагыг чангатгах, улсын хилээр нэвтрэх зорчигчдын урсгалд тавих өндөржүүлсэн хяналтаа сулруулахгүй байх;


3. Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалах үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Үүний тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой шийдлүүдийг судлан УИХ-д танилцуулах;


4. БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн төлбөр болон Монгол Улсын гадаад өрийн төлбөр тасалдахаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө, үр дүнгийн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсье.





Холбоотой мэдээ