Визийг цахимаар болон хилийн боомтод олгох хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-05 18:07:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 


Төсөлд Монгол Улсын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр цахимаар болон хилийн боомтод виз олгохоор тусгажээ. Мөн хүчинтэй хугацааг нь уртасгах, зарим зориулалтын визийг халахын сацуу Визийн төв ажиллуулах зэрэг олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалт оруулсан байна.


Визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох хийгээд үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбэтэй байх зарчим баримтлахыг эрх олгосон заалтад тусгажээ.  Түүнчлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтод бүртгэх эрх зүйн үндсийг тогтоосон байна. Гадаад иргэдийн зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллага давхар бүртгүүлэх зохицуулалтыг шинээр тусгажээ. 


Визийн төв ажилласнаар, виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтан хариуцахгүй болох юм. Ингэснээр хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад түлхүү чиглүүлэх боломж үүсэх юм.


Төсөлд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах тухай болон хуулийн нэр томьёог жигдлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Холбоотой мэдээ