“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-29 17:14:26

Глоб интернэйшнл ТББ-аас энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын байранд Хүний эрхийн үндсэн эрх чөлөөний нэг болох “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт НҮБ-ын суурин зохицуулагч болон НҮБХХ-ын суурин төлөөлөгч хадагтай Бит Транкман, ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын удирдлага (ОУЭЗГ), Улаанбаатар хотод суугаа Элчин сайд нар болон зарим ЭСЯ-ны төлөөлөл оролцов. Тус уулзалт, хэлэлцүүлгийг хадагтай Бит Транкман нээж үг хэлэв. ГХЯ-ны ОУЭЗГ-аас мөн нээлтийн үг хэлсэн бөгөөд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө”-г хамгаалан хөхиүлэн дэмжих нь Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн (ХЭЗ) гишүүн улс болсноор олон улсын өмнө хүлээж буй үүрэг амлалтын нэг хэсэг болох талаар дурдаж, манай улс өнгөрөгч онд Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 2 дугаар илтгэлийг амжилттай хэлэлцүүлэн, НҮБ-аас ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг Засгийн газрын 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар баталсаныг мэдээлэв. Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 2 дугаар илтгэлтэй холбогдуулан НҮБ-аас манай улсад өгсөн “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө”-тэй холбогдох зөвлөмжүүдийн талаар болон тэдгээр зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж, тус сэдвээр асуулт, хариулт, хэлэлцүүлэг явуулав. Дараагийн уулзалтыг манай улсыг хавсран суугаа ЭСЯ-дад зориулан Бээжин хотноо хийхээр төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээ