Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн монгол судлаач, эрдэмтэдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-02 14:22:23

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн төр, засгийн болон шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, олон нийтийн төлөөлөл, энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцаж буй монголын оюутан залуусын төлөөлөлтэй уулзав. Энэхүү ёслолын арга хэмжээнд Энэтхэгийн Дотоод хэргийн Төрийн сайд Керин Режижу, Парламентын гишүүн Б.Калита, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн ерөнхий захирал С.Ражшейкер зэрэг албаны хүмүүс оролцов.

Гадаад хэргийн сайд уулзалтын үеэр Энэтхэгийн монгол судлаач эрдэмтэдтэй Монгол судлалын талаар ярилцаж, Монгол Улсын Засгийн газраас Монгол судлалыг хөхиүлэн дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс мэдээлж, Монгол, Энэтхэгийн уламжлалт харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа, түүний дотор эрдэмтдийн оролцоо үлэмж чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэв. Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлтэй хамтран “Чингис хаан, түүний өв уламжлал” сэдэвт  семинарийг хоёр орны эрдэмтэд, монгол судлаачдын оролцоотой ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монголын түүхийн судалгаанд Энэтхэг Улсад байгаа перс хэл дээрх эх сурвалж, түүхэн баримтуудыг хамтран судлах, үзэсгэлэн гаргах  боломжуудын талаар ярилцав.

Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон арван зохиол бүтээл туурвисан Энэтхэгийн нэрт монгол судлаач др.Локеш Чандра, др.Мансура Хайдар нарт Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээснийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дээрх эрдэмтдэд ёслол хүндэтгэлтэй гардуулав.

Др.Локеш Чандра Монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг дэмжих, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй улс төр, нийгмийн зүтгэлтэн билээ. Тэрбээр Монгол Ганжуурыг бүрэн эхээр нь найруулан хэвлүүлж, Зава Дамдин зэрэг монгол мэргэдийн зохиол бүтээлүүдийг судлан шинжлэх, сурталчлан таниулах ажлыг олон жил биечлэн хийж ирсний зэрэгцээ 1967 онд “Монгол-Түвдийн шинэ бурхад” нэртэй 20 боть зохиолыг эмхэтгэн хэвлүүлсэн нэртэй судлаач, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн Ерөнхийлөгч билээ.

Др. Локеш Чандрагийн эцэг, Энэтхэгийн нэрт эрдэмтэн, улс төрч асан Рагу Вира нь Монголын эрдэмтэд түүний дотор соён гэгээрүүлэгч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай дотно харилцдаг, Олон улсын монгол судлалын холбоог санаачлан байгуулагчдын нэг төдийгүй Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд дэмжихийг Энэтхэг Улсын Ерөнхий сайд агсан Жавахарлал  Неруд аминчлан захисан  нэгэн гэлцдэг.

Др.Локеш Чандра эрдэмтний тэргүүлдэг Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөл жил бүр 50 монгол оюутан залуусыг энэтхэгийн их дээд сургуулиудад хүлээн авч бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамруулдаг билээ.

Др. Мансура Хайдар нь Монгол судлалд, түүний дотор  Ил хаадын түүх, Энэтхэг дэх Мугал хаадын судалгаа, монголчуудын Арабын ертөнцтэй тогтоосон хэлхээ холбоог перс хэл дээрх эх сурвалжуудад тулгуурлан судалдаг, “Их засаг хууль”-ийн талаар 100 гаруй нийтлэлийг бичиж, Энэтхэгт, төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эрдэмтдийн нэг юм. Тэрбээр Индира Гандигийн нэрэмжит урлагийн төвд шинжлэх ухааны зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллахдаа Энэтхэгт 2006-2014 онд  зохиогдсон Монгол судлалын олон хуралд тогтмол биечлэн оролцож дэмжиж ажилласан билээ.

Холбоотой мэдээ