"Зочид буудал" хэсэгчилсэн арга хэмжээ өрнөж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-15 11:43:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Охидоо хамгаалъя” 60 хоногийн аяны хүрээнд “Зочид буудал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг 12 зочид буудал, гурван дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зочид буудлууд тохирлын гэрчилгээ, дүгнэлт зэрэг холбогдох бичиг баримт байхгүй, ажлын байран дээрээ байлгадаггүй, зочид буудлын стандарт MNS 4588:2008 -ыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдал хангалтгүй, галын хорны технологийн горим алдагдсан, буудлын бүртгэл хөтөлдөг боловч хангалтгүй, мэдээллийн самбар байхгүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хангалтгүй, буудлын өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглүүлдэг зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.
Мөн үеэр зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж байсан гурван зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон байна.
Дээрх зочид буудлуудыг стандартын дагуу ажиллах шаардлагыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Холбоотой мэдээ