Увс аймаг 41 мандаттай байхаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 14:57:03

Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог хэлэлцэн баталсан байна.

Өмнөх сонгууль холимог системээр явагдахад 29 төлөөлөгч мандатаар, 12 төлөөлөгч квотоор аймгийн ИТХ-д сонгогдож байсан бол шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулиар орон нутагт квотыг байхгүй болгосон.

Ингэснээр Увс аймгийн ИТХ-ын сонгууль 30 тойрог, 41 мандаттайгаар явагдах бөгөөд үүнээс Тэс сум 3 мандаттай, Зүүнговь, Тариалан, Өндөрхангай, Өмнөговь, Наранбулаг сум тус бүр хоёр мандаттай байхаар болжээ. Мөн Улаангом сумын 7, 3, 4, 10-р багууд тус тус 2 мандаттай, бусад сум, Улаангомын зарим багууд тус бүр нэг мандаттай байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон байна.

Увс аймаг 80201 хүн амтай ба үүнээс сонгуулийн насны иргэд 49035 байна. Сонгуулийн насны иргэдийн 38,5 хувь буюу 18877 нь Улаангом суманд, үлдсэн 61,5 хувь буюу 30158 нь бусад 18 суманд оршин сууж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ