Зүүнбаянгаас Тавантолгой чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-04-21 20:43:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт Зүүнбаянд өрнөж байна.

Нийт 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй үе буюу хавтанг УБТЗ-ын Зам засварын машинт станцын замчид дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн барьж эхэлсэн юм. Төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан Сэлэнгийн Салхитад байдаг Үе угсрах баазыг Зүүнбаянд байгуулжээ.

Сэлэнгэ аймагт ашиглаж байсан 20 тоннын даацтай, 70 метр урттай гүйлтийн замтай “Вандан” краныг авчирсан байна. Энэ кранаар төмөр замын үеийг угсарна. Үе гэдэг нь 25 метрийн урттай хос зам төмрийн доод талд бетонон дэртэй хамт бэхэлсэн бэлдцийг хэлдэг.

Өнөөдрийн байдлаар Үе угсрах бааз дээр 24.8 км зам тавих үеийг бэлэн болгосон бол ард нь бэлэн байгаа зургаан км бэлдэц байгаа аж.

Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ