Онцгой комиссын шуурхай штабын бүлэг Замын-Үүдэд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-22 12:52:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ корона вируснээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын Онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг хилийн боомт Замын-Үүдэд ажиллаж байна.

Албаныхан хилийн боомтын нэвтрэх цэгээр орж гарч буй ачаа тээврийн авто машины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар зөвлөмж өгсөн аж.

Монгол Улсад  шинэ корона вирусний халдвар тархаад байгаа энэ цагт хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах, тэдний аюулгүй байдлыг хангах талаар журам боловсруулж ажиллахаар болжээ.


Нэг тонн ариутгалын бодисын дэмжлэг үзүүллээ


Шинэ коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн гуравдугаар ээлжийн ажлын хүрээнд Дорноговь аймгийн Онцгой комиссоос Замын-Үүд сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэгч Сууц өмчлөгдийн холбоодод ариутгалын автомакс болон нэг тонн усанд найруулах хэмжээний ариутгалын бодисын дэмжлэг үзүүлжээ.

Үүнийг Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр Сууц өмчлөгдийн холбоодын дарга нартай уулзах үеэрээ гардуулсан байна.

Мөн орон  сууцны цэвэрлэгээ үйлчилгээг цагийн хуваарийн дагуу тогтмол хийх, оршин суугчдад амны хаалт зүүх шаардлагыг тавих, амны хаалтгүй хүүхдүүд тоглож байгаад хяналт тавих зэрэг үүрэг чиглэл өгсөн аж.

Ариутгал халдваргүйтгэлийн гуравдугаар ээлжийн ажлын хүрээнд Сайншанд, Замын-Үүдийн нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаад байна.

Холбоотой мэдээ