УБТЗ хос дугуйн нөөцгүй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-22 17:37:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вагоны хөдлөх бүрэлдэхүүний гол зангилаа эд анги болох хос дугуйн бүрэн бүтэн байдал галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгэн гол хүчин зүйл болдог.  Хос дугуй элэгдэж гэмтсэнээс вагон замаас гарах, цаашлаад хүний амиар хэмжигдэх аюул ослын шалтгаан болдог байна.


УБТЗ-ын хэмжээнд 13888 ачааны вагоны хос дугуй, 1697 зоригчийн вагоны хос дугуй байдгаас 90 хувь нь ашиглалтад, үлдсэн 10 хувь нь засварт байна.


Жилд дунджаар 500-600 хос дугуйд их засвар хийх ёстой ч санхүүгийн боломжоос хамааран 150-200 хос дугуйг засварлан шууд ашиглалтад шилжүүлж байгаа учир шаардлага хангасан хос дугуйн нөөцгүй болжээ.


УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Ерөнхий инженер Б.Доржбат: “Ашиглалтын үед хос дугуйн өнхрөх гадарга, чиглүүлэгч дэл нь зам төмөртэй үрэлцсэний улмаас элэгддэг. Элэгдлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болох үед дугуйг зорох шаардлага үүсдэг бөгөөд нэг удаагийн зоролтоор дугуйн диаметр 6-8 мм багасдаг. Ашиглалтын хугацаанд дугуйг 3-4 удаа зорох боломжтой, үүнээс цааш дугуйг шинээр солих буюу их засварт оруулах шаардлагатай болдог” гэв.


Энэхүү засвар үйлчилгээг ОХУ-ын хос дугуйн үйлдвэрүүдэд хийлгэдэг. Манайд ашиглагдаж байгаа хос дугуйн 60 гаруй хувь нь ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон учир сэлбэгийн олдоц муу байдаг аж. Түүнчлэн өмнө нь нэг хос дугуйд их засвар хийлгэхэд 4-5 сая төгрөг зарцуулагддаг байсан бол металлын үнэ өссөнтэй холбоотой хос дугуйн засварын үнэ 3 дахин нэмэгдэж 13-14 сая төгрөг болжээ.  


“2018 оноос хос дугуйн их засвар үйлчилгээг дотооддоо хийхээр Зүүнхараагийн ачааны вагон депогийн дэргэд дугуй угсрах цех байгуулсан. Тус цехэд шаардлагатай 6 тоног төхөөрөмжийн 4 нь ирсэн, 2 нь хүлээгдэж байна. Цех энэ жилдээ багтаад ашиглалтад орох боломжтой, энд ажиллах боловсон хүчин манайд бий” хэмээн УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Ерөнхий инженер Б.Доржбат тэмдэглэв.


УБТЗ зорчигчийн аялж буй км тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээдэг гэсэн тоо бий.


Хямд тарифаас үүдэн зорчигч тээврээс  жилдээ 30 орчим тэрбум төгрөг, дотоодын ачаа тээврээс 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг ч улсаас татаас авдаггүй. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэгчлэн олон улсын транзит тээврээс олсон ашгаараа 50 орчим тэрбум төгрөгийн алдагдлаа нөхдөг учир вагоны засвар үйлчилгээ, парк шинэчлэл зэрэгт шаардлагатай хуримтлал бий болгож чаддаггүй байна.


Төрөөс төмөр замын тээврийн тарифыг чөлөөлж, зах зээлийн үнэд дүйцүүлбэл нийгэмлэг өөрийн хөрөнгөөр тээврийн  хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангаж, хоцрогдлыг арилгах бүрэн боломжтой юм.



Гэрэл зургийг Л.Ганзориг, Б.Дэлгэрхишиг

Холбоотой мэдээ