Хяналт шалгалтыг олон чиглэлд хандуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-28 09:25:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас олон чиглэлд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн хэмжээнд ажиглалтын болон тусгаарлах байруудын ариутгал халдваргүйтгэл, байрлаж байгаа иргэдийн хоол хүнс, тусгай хог хаягдалд өдөр бүр хяналт тавьж байна. Мөн түүнчлэн халдвар гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эзэнгүй нохой, муур устгах ажлын хүрээнд 14 суманд нийт 1287 нохой, 168  муурыг устгажээ. Энэхүү устгалд оруулсан нохой, муурыг МХГ-ын болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын хяналт дор зориулалтын бодисоор ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн аж.

Түүнчлэн тус байгууллагын зүгээс ОХУ-аас орж ирж, Сүхбаатар өртөөнд түр зогсолт хийсэн вагон, чингэлгийн гадаргууд 0.06 хувийн ариутгалын уусмалаар ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, түүнд хяналт тавьсан байна. Мөн хүн олноор цуглардаг газруудад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлийн хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, иргэдэд амны хаалт зүүж хэвших, хүүхдүүдийг гадуур явахгүй байхад анхаарч, өдөр бүр хяналт тавьж байгаа аж. 

Холбоотой мэдээ