280 хүүхдийн ортой цэцэрлэг 5 дугаар сард ашиглалтад орно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-28 09:20:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын салбарт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд  Дархан сумын 4-9 дүгээр багийн нутагт дэвсгэрт 2016-2019 оны хооронд нийт зургаан цэцэрлэг ашиглалтад орсон байна. Энэ жилийн тухайд нэмж хоёр цэцэрлэг ашиглалтад орох аж.

Түүний нэг нь Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг юм. Тодруулбал хуучин Орос цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлаж зориулалтын дагуу ашиглахаар болсон. Ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Тотал импекс” ХХК ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сард ажлаа дуусч 20-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна гэлээ.

2019 оны 8 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай байгаа аж. Хуучин барилгыг сэргээн засварлах төлөвлөгдөөгүй ажлууд гарч ирсэн, нэмэлтээр хийх, хоёр улсын гэрээний үндсэн нөхцөлийн зөвшилцөл зэргээс шалтгаалан бага зэрэг хугацаа алдсан ч ирэх сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар тус компанийн инженер Д.Очирбал мэдэгдлээ.

Уг барилгыг ОХУ-аас түрээсээр эзэмших бөгөөд тухайн багийн хүүхдүүдийг сурч боловсрох нөхцөл боломжоор хангахад зориулж байгаа юм. 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 4 дүгээр багийн СӨББ-д хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэх юм. Мөн энэ онд Өргөө багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтад орно. Ингэснээр хуучин Дарханы 1-8 дугаар багийн хүүхэд багачуудын 93 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ажээ. 

Холбоотой мэдээ