Баян-Өлгий аймаг Улаанбаатар хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-30 18:18:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангаас 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн Улаанбаатар хоттой "Сурагч солилцооны хөтөлбөр" хэрэгжүүлэхээр болсон талаар тус сангийн Удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү мэдээллээ.

"Хэд хоногийн өмнө сурагч солилцооны асуудлаар БСШУСЯ-ны төлөөллүүдтэй уулзсан. Дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байгаа. Ирэх намраас Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангиудаас эхний ээлжинд 15-20 сурагчийг улирал бүр 21 хоногийн хугацаагаар Улаанбаатар хотод, мөн тооны хүүхдийг Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн тодорхой сургуулиудад илгээж суралцуулна. Цаашид уг хөтөлбөрийг сургалтын системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэхийг зорьж байгаа" хэмээн тэрээр хэллээ.

Түүний тайлбарласнаар сурагч солилцооны хөтөлбөр нь Монгол Улсын хот, хөдөөгийн орчин дахь сургалтын чанар, стандартыг сурагчдаар дамжуулан тодорхойлох, хөгжүүлэх, үндэсний өөр хэл бүхий сурагчдын харилцан ойлголцлыг сайжруулах, харилцан суралцах, сурагчдад эх орныхоо өвөрмөц соёл, амьдрал ахуйтай танилцах явцад үндэснийхээ уламжлал, түүх, ёс заншлын талаар эргэцүүлэн бодож, харьцуулалт хийх боломжийг бүрдүүлэх, эх хэл болон үндэсний өөр хэлний талаарх мэдлэгээ дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ