Нефтийн олборлолтыг бууруулах гэрээ хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-05-01 15:22:46

МОСКВА. /TASS/. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн 40 орчим хувийг хянадаг “ОПЕК +” эвслийн улс орнууд нефтийн  зах зээл унахаас зайлсхийхийн тулд тавдугаар сарын 1-нээс эхлэн олборлолтоо өдөрт 10 сая орчим торхоор бууруулна. 


Тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хоногт олборлодог нефтийнхээ хэмжээг 9.7 сая торхоор, энэ оны хоёрдугаар хагаст 7.7 сая торх, 2022 оны дөрөвдүгээр сарын эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулах тохиролцоонд “ОПЕК+” бүлэг энэ сарын 12-нд хүрсэн бөгөөд энэхүү гэрээ өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. 


"COVID-19" цар тахал дэгдсэний улмаас нефтийн эрэлт буурч, түүхий газрын тосны үнэ түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд хүрч унасан юм. Түүнчлэн "ОПЕК+" бүлэг олборлолтыг бууруулах өмнөх гэрээг сунгах талаар тохиролцож чадаагүй нь зах зээлд нөлөөлсөн билээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард нефтийн эрэлт өдөрт 29 сая торхоор буурчээ. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол асар их хэмжээгээр хуримтлагдсан илүүдэл нефть хадгалах бүх байгууламжийг тавдугаар сард дүүргэж болзошгүй гэж ОПЕК анхааруулсан байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөн дор “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 20 ам.долларт хүрч буурсан бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар, нааштай мэдээ гараагүй байсан бол 10 ам.доллар хүртэл буурах байв.


"ОПЕК+" бүлгийн шинэ гэрээ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор баасан гаргийг өглөө дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэлсэн байна. WTI маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.93 хувиар өсөж, нэг торх нь 19.58 ам.долларт хүрсэн бол  "Brent"  маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх гэрээний  үнэ 1.66 хувиар өсөж, нэг торх нь 26.93 ам.доллар болжээ.



Холбоотой мэдээ