Эмэгтэйчүүдийн холбооны нэрэмжит ногоон төгөл бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн
тэргүүлэгчид энэ сарын 9-ний өдөр хуралдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж
хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаараа санал бодлоо
солилцсон юм. Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл нь 2019 оны 8-р сард
шинэчлэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд, гэр бүл,
хүүхэд залуучууд, нийгэм руу хандсан олон талт ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, “Охидын хүчирхийллийн эсрэг” хамтдаа аяныг өрнүүлж, охид бүсгүйчүүдийг
бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийллээс ангид байлгах тал дээр холбогдох мэргэжлийн
байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт оёж зүүж хэвших, хуванцар сав суулгыг ахуйн хэрэглээнээс халах
гэх мэт нөлөөллийн ажлуудыг хийсээр байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн уулзалтын дараагаар “Бүх нийтээр мод
тарих үндэсний” өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Улаангом хотод ногоон
байгууламж бий болгох үйл ажиллагаанд тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ
нэгдлээ. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагаанд аймгийн Эмэгтэйчүүдийн
холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгчдээс гадна аймгийн ЗДТГ, Улаангом политехник
коллеж, Хилийн 0245-р анги зэрэг байгууллагын дэргэдэх Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн
гишүүн 100 гаруй эмэгтэйчүүд оролцож, нийтдээ гурван цэгт 800 гаруй мод тарьсан
юм. Цаашдаа тухайн газруудад жил бүр мод тарьж ургуулан, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны нэрэмжит ногоон төгөл бий болгох юм байна.